Хүн төрөлхтөн сар руу дахин хөл тавихаар бэлтгэж, “Артемис” хөтөлбөрийн сансрын нисгэгчид болох Рид Уайзман, Виктор Гловер, Кристина Кох, Жереми Хансен нар сарны тойрог замд аялахаар зэхэж буй энэ үед түүхэн дэх нэгэн сонирхолтой тохиолдол дахин олны анхаарлыг татаж байна. Энэ бол 1969 онд “Аполлон 10” хөлгийн багийнханд тохиолдсон хачирхалтай явдал юм.
Тухайн үед сарны цаад биед, дэлхийтэй холбоо тасрах үеэр сансрын нисгэгчид хөлгийн бүхээгт хачирхалтай, урьд өмнө сонсогдож байгаагүй чимээ сонсжээ. Тэд үүнийг “сансрын хөгжим” хэмээн тодорхойлсон бөгөөд хөлгийн камерт бичигдсэн бичлэгт нисгэгч Жин Сернан “Энэ хөгжим сансрынх шиг сонсогдож байна, тийм үү? Та нар сонсож байна уу? Энэ исгэрэх мэт чимээг?” хэмээн гайхан асууж байгаа нь үлджээ.
Нисгэгчид энэхүү чимээг хэнд ч хэлсэн итгэхгүй байх болов уу хэмээн хоорондоо ярилцаж байсан ч даалгавраа амжилттай үргэлжлүүлсэн байна. Хожим нь “Аполлон 11” хөлгийн багийн гишүүн Майкл Коллинс ч мөн адил ийм төрлийн исгэрэх чимээ сонссоноо дурссан байдаг.
Шинжлэх ухааны тайлбар
Олон жилийн турш нууцлаг байсан энэхүү “хөгжим”-ийн учрыг NASA 2018 онд албан ёсоор тайлбарласан юм. Эрдэмтдийн тогтоосноор энэ нь харь гаригийнхны дохио буюу ер бусын үзэгдэл биш, харин ердийн техникийн саатал байжээ.
Тодруулбал, сарны модуль болон удирдлагын модулийн хоорондох VHF (өндөр давтамжийн) радио долгионууд хоорондоо зөрчилдөж, хөндлөнгийн нөлөө үзүүлснээс үүдэн ийм исгэрэх мэт дуу гарсан байна. Сансрын хөлгүүд хоорондоо салах үед эсвэл ойрхон байх үед радио долгионы ийм давхцал үүсэх нь технологийн хувьд хэвийн үзэгдэл болохыг NASA баталгаажуулсан юм.
Ийнхүү олон арван жилийн турш сансрын нисгэгчдийн дунд “айдас” төрүүлж байсан нууцлаг чимээ шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлагдаж, түүх болон үлджээ.

