Корнеллийн их сургуулийн эрдэмтэд эрчүүдэд зориулсан үр тогтолтыг хянах, эргэх боломжтой, удаан хугацааны үйлчилгээтэй бөгөөд 100 хувь үр дүнтэй, гормоны бус эмчилгээний аргыг хөгжүүлэхэд чухал алхам хийлээ.
Зургаан жилийн турш хулгана дээр хийсэн судалгаагаар эрдэмтэд бэлгийн эс үүсэх мейоз хуваагдлын чухал шатыг тасалдуулснаар эр бэлгийн эсийн үйлдвэрлэлийг түр хугацаагаар зогсоож болохыг тогтоожээ. Хамгийн гол нь энэ процесс нь бие махбодод ямар нэгэн байнгын хор хөнөөл учруулдаггүй болохыг баталсан байна. Уг судалгааны үр дүн “Proceedings of the National Academy of Sciences” сэтгүүл дээр нийтлэгджээ.
Эрдэмтэд мейозын профаз-1 шатанд нөлөөлдөг JQ1 хэмээх жижиг молекул ингибиторыг ашигласан байна. Энэ нь эр бэлгийн эсийн үйлдвэрлэлийг аюулгүй, эргэх боломжтой байдлаар зогсоож болохыг анх удаа харуулсан туршилт боллоо.
Одоогийн байдлаар эрчүүдэд зориулсан жирэмслэлтээс хамгаалах арга нь зөвхөн бэлгэвч болон вазэктоми (үр дамжуулах сувгийг боох) гэсэн хязгаарлагдмал сонголттой байдаг. Харин мейозын шатанд төвлөрсөн энэхүү шинэ арга нь эр бэлгийн эсийн үйлдвэрлэлийг бүрэн зогсоож, дараа нь хэвийн байдалд нь эргүүлэн оруулах бүрэн боломжийг олгож байгаа юм.
Судалгааны явцад хулгануудад гурван долоо хоногийн турш JQ1 молекулыг өгөхөд эр бэлгийн эсийн үйлдвэрлэл бүрэн зогссон байна. Харин эмчилгээ дууссанаас хойш зургаан долоо хоногийн дотор мейозын үйл явц хэвийн болж, эр бэлгийн эс дахин боловсруулж эхэлжээ. Хэрэв энэ аргыг хүнд хэрэглэхээр бүрэн хөгжүүлбэл гурван сард нэг удаа тариа тариулах эсвэл наалт хэлбэрээр хэрэглэх боломжтой болох ажээ.

