Холимог тулааны домогт тамирчин, UFC-ийн анхны эмэгтэй аварга Ронда Раузи 2016 оноос хойш анх удаа октагонд эргэн ирэхээр боллоо. Хамгийн сонирхолтой нь түүний бэлтгэлийг түүний эртний өрсөлдөгч Миша Тейтийн хуучин дасгалжуулагч Рикки Лунделл удирдах болсон байна.
Ронда Раузи 10 жилийн өмнө Аманда Нуньест ялагдсанаасаа хойш ММА-аас хөндийрөөд байсан бөгөөд ирэх 5-р сарын 16-нд мөн л зодог тайлаад байсан Жина Каранотой тулалдахаар товлогджээ.
Дайснаас нөхөр болсон түүх
Рикки Лунделл бол Миша Тейтийг ММА-ын оргилд гаргахад тусалсан шилдэг бөх, грапплингийн дасгалжуулагч юм. Тэрээр 2013 онд “The Ultimate Fighter 18” шоуны үеэр Раузигийн эсрэг багт ажиллаж байжээ. Раузи өөрийн YouTube сувгаараа дамжуулан “Бид тухайн үед жинхэнэ дайснууд байсан. Рикки надад хэтэрхий эелдэг ханддаг байсан тул би түүнийг хуурамч, дүр эсгэгч гэж үзэн яддаг байлаа” хэмээн дурсжээ.
Гэвч цаг хугацааны явцад тэдний харилцаа огт өөрөөр эргэсэн байна. Раузигийн нөхөр Трэвис Браун тэднийг эргэн холбоход гүүр болсон бөгөөд Раузи гүн хямралд орсон хүнд хэцүү үедээ Лунделлын гэрт байрлаж, түүний чин сэтгэлийн тусламжийг мэдэрснээр бодол нь өөрчлөгджээ.
Тэр миний амьдралыг өөрчилсөн
Өдгөө 39 настай Раузи Лунделлыг амьдралыг нь хамгийн сайнаар өөрчилсөн хүн хэмээн онцолж байна. “Би түүнийг үзэн ядахаас эхэлсэн ч тэр миний амьдралыг илүү дээр болгосон. Би түүнд үүрд талархах болно. Сонирхолтой нь тэр анх миний жүдогийн шавь байсан бол одоо би түүний шавь нь болоод байна” гэж Раузи ярьжээ.
Ронда Раузи болон Жина Карано нарын тулаан нь ММА-ын түүхэн дэх хамгийн том эргэн ирэлтүүдийн нэгд тооцогдож байгаа бөгөөд шинэ дасгалжуулагчийн хамтаар Раузи ямар ур чадвар үзүүлэх нь тулаан сонирхогчдын анхаарлыг татаж байна.

