OpenAI компани Иллинойс мужид хэлэлцэгдэж буй хиймэл оюун ухааны (AI) хөгжүүлэгчдийг томоохон хэмжээний хохирол, гамшгаас үүдэлтэй хариуцлагаас чөлөөлөх агуулга бүхий хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Энэхүү алхам нь AI-ийн аюулгүй байдал болон инновацийг хамгаалах хоорондын тэнцвэрийг тогтоох гэсэн оролдлого гэж тус компани тайлбарлаж байна.
Уг хуулийн төсөлд AI загварыг ашиглан 100 ба түүнээс дээш хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах, эсвэл 1 тэрбум ам.доллараас дээш санхүүгийн болон хөрөнгийн хохирол учруулсан тохиолдолд хөгжүүлэгч компани хариуцлага хүлээхгүй байж болох зохицуулалтыг тусгажээ. Хэрэв тухайн компани уг хохирлыг санаатай болон болгоомжгүйгээр үйлдээгүй нь тогтоогдсон, мөн аюулгүй байдал, нууцлал, ил тод байдлын тайлангаа тогтмол нийтэлж байсан бол хариуцлагаас чөлөөлөгдөх боломжтой юм.
OpenAI-ийн төлөөлөгч Жейми Радисе “Энэхүү хандлага нь хамгийн дэвшилтэт AI системүүдээс үүдэлтэй ноцтой эрсдэлийг бууруулахын зэрэгцээ технологийг бизнес эрхлэгчид болон иргэдэд хүртээмжтэй байлгах боломжийг олгоно” хэмээн мэдэгджээ. Мөн тус компанийн Глобал харилцааны багийн гишүүн Кейтлин Нийдермайер муж улс бүрт өөр өөр зохицуулалт байх нь аюулгүй байдлыг сайжруулахаас илүүтэйгээр инновацид саад учруулж болзошгүйг анхааруулж, үндэсний хэмжээний нэгдсэн зохицуулалт чухал болохыг онцлов.
Хуулийн төсөлд “чухал хохирол” гэх ойлголтыг нарийвчлан тодорхойлсон байна. Үүнд химийн, биологийн, цацрагийн болон цөмийн зэвсэг бүтээхэд AI-г ашиглах, эсвэл хүн үйлдсэн тохиолдолд гэмт хэрэгт тооцогдох үйлдлийг AI систем гүйцэтгэж, улмаар дээрх хэмжээний хохирол учруулах зэргийг багтаажээ. Одоогийн байдлаар АНУ-ын холбооны болон муж улсын хууль тогтоомжид AI хөгжүүлэгчид технологийнхоо үр дагаврын төлөө ямар хариуцлага хүлээх талаар тодорхой, нэгдсэн хууль байхгүй байгаа юм. OpenAI-ийн дэмжиж буй энэхүү хуулийн төсөл нь цаашдын эрх зүйн орчныг тодорхойлоход томоохон жишиг болох хэдий ч AI бодлогын шинжээчид үүнийг хариуцлагаас зугтах хязгаарлагдмал алхам хэмээн шүүмжилж байна.

