Японы алдарт боксчин Наоя “Алуурчин” Инүоэ саяхан Yahoo Japan-д өгсөн ярилцлагадаа өөрийн карьерын ирээдүйн төлөвлөгөө болон зодог тайлахаасаа өмнө тулалдах хамгийн дээд жингээ албан ёсоор зарлалаа. Өдгөө дөрвөн жингийн дэлхийн аварга, хоёр өөр жинд (Bantamweight болон Super Bantamweight) бүх бүсийг нэгтгэж чадсан тэрээр Featherweight буюу 57 кг жинг өөрийнхөө кареерын сүүлчийн цэг хэмээн харж байна.
Инүоэгийн амжилт мэргэжлийн боксын түүхэнд гайхалтайд тооцогддог. Тэрээр 108 фунт буюу 49 кг жингээс гараагаа эхэлж, улмаар 52.1 кг, 53.5 кг жингүүдэд дэлхийн аварга цолыг хүртэж байсан юм. Хамгийн сүүлд 55.3 кг (Super Bantamweight) жинд Стивен Фултон, Марлон Тапалес нарыг хүнд цохилтоор ялж, хоёр дахь жиндээ бүх бүсийг нэгтгэсэн амжилтаар 2023 оны “Оны шилдэг боксчин”-оор шалгарсан билээ.
Түүний дараагийн томоохон сорилт бол 2026 оны 5-р сарын 2-нд Токио Домод болох Жүнто Накатанитай хийх тулаан юм. Тэрээр энэхүү тулааныг “маш их урам зориг өгч буй сорилт” хэмээн нэрлэсэн бөгөөд үүний дараа жин өгсөх төлөвлөгөөгөө “Featherweight буюу 57.1 кг жин бол миний карьерын сүүлчийн сорилт байх болно. Би шууд жин нэмэхгүй. Накатанитай хийх тулааны дараа дахин нэг тулаан хийгээд, дараа нь тухайн үеийн 57 кг жингийн аваргуудтай тулалдахыг хүсэж байна” хэмээн тодорхойлжээ.
Хэрэв Инүоэ 57.1 кг жинд дэвшвэл түүнийг Брэндон Фигероа, Брюс Каррингтон, Анжело Лео, Рафаэль Эспиноза зэрэг хүчтэй аваргууд хүлээж байна. Одоог хүртэл нэг ч хожигдолгүй (28-0, 25 нокаут) яваа түүний хувьд 57 кг жинд хийх эцсийн дайралт нь боксын ертөнцийн хамгийн том үйл явдлуудын нэг байх болно. “Би зөвхөн аваргуудтай нь л тулалдмаар байна” хэмээх түүний үг зорилго нь хэр өндөр байгааг баталж байна.

