Америкийн поп од Тэйлор Свифт болон NFL-ийн алдарт тоглогч Трэвис Келси нар ирэх долдугаар сарын 3-нд Нью-Йорк хотноо гэрлэхээр болсон тухай “Page Six” агентлаг мэдээллээ. Өмнө нь тэднийг зургадугаар сарын 13-нд Род-Айленд дахь “Ocean House”-д хуримлана гэсэн цуу яриа гарч байсан ч хосууд албан ёсоор Нью-Йорк хотыг сонгосон байна. Хурим болох нарийн байршил одоогоор нууц хэвээр байгаа ч энэ зуны хамгийн дуулиантай үйл явдал болох нь тодорхой байна.
Хосууд 2023 оноос хойш үерхэж эхэлсэн бөгөөд Тэйлор Свифт есдүгээр сарын 24-нд “Канзас Сити Чифс” багийн тоглолтыг үзэхээр ирсэн нь тэдний харилцааг олон нийтэд ил болгосон юм. Тэр цагаас хойш Свифт Трэвис Келсигийн ихэнх тоглолтуудад биечлэн ирж дэмжлэг үзүүлдэг болсон. Энэхүү үйл явдал нь NFL буюу Америкийн үндэсний хөлбөмбөгийн лигийн үзэгчдийн тоог, тэр дундаа залуу эмэгтэй үзэгчдийн дунд үлэмж нэмэгдүүлсэн гэж спортын шинжээчид дүгнэж байна.

Трэвис Келсигийн хувьд 2025 оны улирлаар замналаа өндөрлүүлж магадгүй гэсэн таамаглал байсан ч тэрээр саяхан багаасаа шинэ гэрээ авч, мэргэжлийн спортын карьераа үргэлжлүүлэхээр болсон. Одоо тэрээр амьдралынхаа шинэ хуудсыг нээж, дэлхийн хамгийн алдартай дуучдын нэгтэй гэр бүл болоход бэлтгэж байна. Тэдний хуримын урилга хэдийнэ дотны найз нөхөд, гэр бүлийнхэнд нь хүрсэн бөгөөд шүтэн бишрэгчид нь долдугаар сарын 3-ны өдрийг тэсэн ядан хүлээж байна.

