Лондоны Куин Мэри Их Сургуулийн судлаачид цусны даралт ихсэх өвчний эмчилгээнд хувьсгал хийхүйц нэгэн шинэ нээлтийг танилцууллаа. “KARDIA-2” нэртэй олон улсын клиник туршилтын үр дүнд зургаан сард ердөө нэг удаа хийх тариа нь цусны даралтыг тогтвортой бөгөөд удаан хугацаанд бууруулж чаддаг болохыг тогтоожээ.
Туршилтад ердийн эмчилгээ хийлгэсэн ч даралт нь бүрэн хяналтад орохгүй байсан 663 насанд хүрсэн хүн оролцсон байна. Тэдэнд уламжлалт эмийн эмчилгээ дээр нь нэмэлтээр zilebesiran хэмээх туршилтын эмийг тарихад, зөвхөн эм ууж байсан хүмүүсээс харьцангуй өндөр үр дүн үзүүлжээ.
Zilebesiran гэж юу вэ, хэрхэн үйлчилдэг вэ?
Zilebesiran нь РНХ интерференцийн (RNAi) технологийг ашигласан шинэлэг бэлдмэл юм. Энэ нь цусны даралтыг зохицуулахад гол үүрэг гүйцэтгэдэг элэгний ангиотенсиноген хэмээх уургийн үйлдвэрлэлийг дарангуйлах замаар үйлчилдэг. Энэхүү уураг багассанаар судас амарч, цусны даралт буурдаг байна. Хамгийн гол давуу тал нь уг тарианы үйлчилгээ зургаан сарын турш хадгалагддагт оршиж байгаа юм.
Эмчилгээний ач холбогдол
Дэлхийн нийт насанд хүрэгчдийн гуравны нэг нь цусны даралт ихсэх өвчнөөр шаналж, энэ нь зүрхний шигдээс, цус харвалтын гол шалтгаан болдог. Судалгааг удирдсан доктор Маниш Саксенагийн хэлснээр: “Зургаан сард нэг удаа тариа хийлгэх нь өдөр бүр эм уухаа мартах эсвэл эмчилгээний дэглэм алдагдах эрсдэлийг үгүй хийж, сая сая өвчтөнд өвчнөө илүү сайн хянах боломж олгоно.”
Одоогоор судлаачид “KARDIA-3” нэртэй дараагийн шатны туршилтыг эхлүүлээд байна. Энэ шатанд zilebesiran нь зүрх судасны өндөр эрсдэлтэй өвчтөнүүдэд хэрхэн нөлөөлөх, цус харвалт болон нас баралтын эрсдэлийг хэр зэрэг бууруулахыг нарийвчлан судлах юм. Энэхүү амлалт өгөхүйц судалгааг “Alnylam Pharmaceuticals” компани санхүүжүүлж байна.

