АНУ-ын “USA Today” сонины сүүлийн үеийн судалгаа нь “Internet Archive” байгууллагын “Wayback Machine” үйлчилгээний ач холбогдлыг дахин тодотголоо. Цахим хуудсуудын түүхийг хадгалж, олон нийтэд хүртээмжтэй болгодог энэхүү үйлчилгээний тусламжтайгаар АНУ-ын Цагаачлал, Гаалийн албаны (ICE) чухал баримт бичгүүдийг сэргээн олж, нийтэлсэн нь үүний тод жишээ юм.
Гэвч сүүлийн үед томоохон технологийн компаниуд болон хэвлэл мэдээллийн байгууллагууд өөрсдийн контентыг “Wayback Machine”-д хадгалуулахаас татгалзаж эхэлжээ. “Originality AI” компанийн дүн шинжилгээгээр “Reddit” болон бусад 23 томоохон сайт “ia_archiverbot” буюу архивын автомат хайгчийг хориглосон байна. Мөн “The New York Times”, “The Guardian” зэрэг хэвлэлүүд шууд болон шууд бус байдлаар мэдээллээ шүүж, хүртээмжийг нь хязгаарлах бодлого барьж эхлэв.
“USA Today Co.”-ийн төлөөлөгч Ларк-Мари Антоны хэлснээр, энэ нь зөвхөн “Internet Archive”-ыг гадуурхсан хэрэг биш, харин бүх төрлийн мэдээлэл хуулбарлагч ботуудыг (scraping bot) хязгаарлах өргөн хүрээний бодлогын нэг хэсэг аж. Ялангуяа хиймэл оюун ухааны (AI) компаниуд хадгалагдсан мэдээллийг зөвшөөрөлгүй ашиглахаас сэргийлж буйгаа хэвлэлийнхэн тайлбарлаж байна.
Үүний эсрэг “Electronic Frontier Foundation” болон “Fight for the Future” зэрэг байгууллагууд сэтгүүлчидтэй нэгдэн тэмцэж эхэллээ. Рочел Маддоу, Тейлор Лоренц нарын 100 гаруй нөлөө бүхий сэтгүүлч “Internet Archive”-д дэмжлэг үзүүлэх захидалд гарын үсэг зуржээ. Тэд дижитал эрин үед сэтгүүл зүйн түүхийг хадгалахад энэхүү архив орлуулшгүй үүрэгтэйг онцолсон байна.
Сэтгүүлчдийн тайлбарлаж буйгаар “Wayback Machine” нь:
- Мэдээллийг баталгаажуулах,
- Устсан эсвэл засварлагдсан түүхэн баримтуудыг нөхөн олох,
- Байгууллагын цалин хөлс, ажил горимын өөрчлөлтийг хянах зэрэгт амин чухал хэрэгсэл болдог байна.
Хэрэв томоохон сайтууд мэдээллээ ийнхүү хаасаар байвал интернетийн түүхэн санах ой арилж, ирээдүйд баримт нотолгоо хайх боломж хумигдах эрсдэлтэйг мэргэжилтнүүд анхааруулж байна.

