Дэлхийн хамгийн хөгшин горилла болох Фату 69 насныхаа төрсөн өдрийг Берлиний амьтны хүрээлэнд зоог барин тэмдэглэв. Хэдийгээр Фату хөгшрөлтийн улмаас шүдгүй болж, үе мөчний өвчин болон сонсголын асуудалтай тулгарсан ч төрсөн өдрийнхөө онцгой, чихэргүй эрүүл зоогийг амтархан хүртжээ.
Асран хамгаалагчдынх нь мэдээлснээр Фату залуу гориллүүдээс хол, өөрийн гэсэн тусгай байранд амар тайван амьдардаг байна. Тэрээр 2024 онд тус амьтны хүрээлэнгийн хамгийн ахмад оршин суугч байсан Инго хэмээх фламинго (75 орчим настай байсан) нас барснаас хойш хамгийн өндөр настай амьтны “титмийг” зүүх болсон юм.

Фатугийн амьдралын түүх нэлээд сонирхолтой бөгөөд домогт өгүүлснээр нэгэн Франц далайчин архины төлбөртөө түүнийг Марсельд өгч байсан гэдэг. Баруун Африкийн зэрлэг байгальд төрсөн тэрээр 1959 онд хоёр орчим настай байхдаа Берлинд ирж байжээ.

Зэрлэг байгальд горилл дунджаар 35-40 жил насалдаг бол хүний халамж, хараа хяналт дор амьдарч буй Фату ийнхүү дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосоор байна. Берлиний зоопаркийн ажилтнууд Фатуг асран хамгаалагчидтайгаа эелдэг харьцдаг ч хааяа өөрийнхөөрөө байх дуртай “хувь хүн” гэж тодорхойлжээ.

