“Тоттенхэм Хотспур” багийн ахлагч, төвийн хамгаалагч Кристиан Ромеро өвдөгний хүнд бэртэл авч, энэ улиралд дахин талбайд гарах боломжгүй болсон нь багийнхаа хувьд том цохилт боллоо. Аргентины хэвлэлүүдийн мэдээлснээр, тэрбээр бэлтгэлийн үеэр бэртсэн бөгөөд “Сандерленд”-тэй хийсэн тоглолтын хоёрдугаар хагаст талбайг чөлөөлөхдөө ихээхэн зовиуртай байсан юм. Түүний оронд Кевин Дансо сэлгээгээр орж тоглосон билээ.
Эхний шатны шинжилгээгээр өвдөгний шөрмөс гэмтсэн болох нь тогтоогдсон бөгөөд гэмтлийн нарийн хэмжээг тогтоохоор нэмэлт шинжилгээнүүд хийгдэж байна. Премьер лигт байр сууриа хадгалж үлдэхийн төлөө тэмцэж буй “Тоттенхэм”-ийн хувьд гол хамгаалагчаа алдсан нь үлдсэн чухал тоглолтуудад томоохон сорилт болохоор байна.

Харин Аргентины шигшээ багийн хувьд энэ мэдээ тийм ч таагүй биш юм. Учир нь Ромеро ийнхүү эрт амралт авснаар ирэх зун АНУ, Мексик, Канад улсад зохион байгуулагдах ДАШТ-ээс өмнө бүрэн эдгэрч, формдоо орох хангалттай хугацаатай болж байна. Хэрэв нөхөн сэргээх эмчилгээ төлөвлөгөөний дагуу амжилттай явагдвал тэрбээр дэлхийн аваргын бүрэлдэхүүнд багтаж, шигшээ багийнхаа хамгаалалтын шугамыг бэхжүүлэх бүрэн боломжтой юм.

