Олон улсын судалгаагаар хиймэл оюун ухаан ашиглан хүүхдийн садар самууныг сурталчилсан дүрс бичлэг, зураг бүтээх явдал сүүлийн хоёр жилийн хугацаанд 8,400 гаруй хувиар өсжээ.
Эдинбургийн их сургуулийн “Childlight” институтын мэдээлснээр, технологийн компаниудаас АНУ-ын “Алга болсон болон мөлжлөгт өртсөн хүүхдүүдийн үндэсний төв”-д (NCMEC) ирүүлсэн тайлан 2023 онд 4,700 орчим байсан бол 2025 онд 400,000-аас давсан байна. Хиймэл оюун ухааны “nudify” төрлийн аппликейшнүүд нь энгийн гэрэл зургийг хэдхэн секундын дотор садар самуун агуулгатай болгон хувиргаж, үүнийгээ хүүхдүүдийг дарамтлах, мөнгө нэхэх зорилгоор ашиглаж байгаа нь ноцтой асуудал болоод байна. 2024-2025 онд NCMEC-ийн тогтоосноор 275 гаруй хүүхэд ийм төрлийн гэмт хэргийн хохирогч болсон бөгөөд зарим тохиолдолд гэмт этгээдүүд нь хүүхдийн танил хүмүүс байжээ.
Их Британийн “Internet Watch Foundation” (IWF) байгууллага 2025 онд хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн хүүхдийн садар самууныг харуулсан 3,443 видеог илрүүлсэн нь өмнөх оныхоос эрс нэмэгдсэн үзүүлэлт юм. Үүнтэй холбогдуулан зургаадугаар сард Канадын хувийн нууцыг хамгаалах байгууллага Илон Маскийн X болон xAI компаниудыг Grok хэрэгсэлдээ аюулгүй байдлын зохих хяналтыг тогтоогоогүй гэж үзэн хууль зөрчсөн хэмээн дүгнэжээ. “Дижитал үзэн ядалтыг эсэргүүцэх төв”-ийн тооцоолсноор, Grok нь 11 хоногийн дотор 3 сая орчим садар самуун агуулгатай хуурамч дүрсийг бүтээсний 23,000 гаруй нь хүүхдийг дүрсэлсэн байв.
Европын комисс болон Британийн зохицуулагчид X болон xAI компаниудын эсрэг шалгалтын ажиллагааг эхлүүлээд байна. Одоогийн хууль эрх зүйн орчин нь хиймэл оюун ухааны хурдацтай хөгжил, тэр дундаа бие даасан чатбот болон дүрс үүсгэгч хэрэгслүүдийн үйл ажиллагааг бүрэн зохицуулж чадахгүй байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Британийн “AI Security Institute” нь программ хангамжийг хялбархан өөрчлөх, бие даан ажиллуулах боломжтой болсон өнөөгийн нөхцөлд зөвхөн туршилтын үе шатаар аюулгүй байдлыг хангах боломжгүй тул хяналтын илүү хатуу тогтолцоо шаардлагатайг анхааруулав.

