Марилин Мэнсон жүжигчин Эван Рэйчел Вүүдийн эсрэг гаргасан гүтгэлгийн нэхэмжлэлээ буцаан татахаар шийдвэрлэсэн тухай мэдээлэл гарлаа. Энэ шийдвэр нь хоёр жил гаруй үргэлжилсэн хууль эрх зүйн маргааныг эцэслэж байгаа юм. Урт хугацааны маргааны эцэст талууд тохиролцоонд хүрсэн бөгөөд тохиролцооны нарийн мэдээлэл тодорхойгүй хэвээр байна.
Марилин Мэнсон Эван Рэйчел Вүүдийн эсрэг нэхэмжлэлээ буцаан татлаа
Марилин Мэнсон Эван Рэйчел Вүүдийн эсрэг гаргасан гүтгэлгийн нэхэмжлэлээ албан ёсоор буцаан татаж, хоёр жилийн турш үргэлжилсэн хууль эрх зүйн маргаан дууслаа. Талууд 2024 оны 11 сарын 19-нд тохиролцоонд хүрсэн бөгөөд Мэнсон Вүүдийн хууль эрх зүйн зардлыг төлөхөөр болж, ойролцоогоор 327,000 ам.доллар олгохоор болсон байна.
Урт хугацааны маргааны дараа Мэнсон өөрийн өмгөөлөгчөөр дамжуулан энэ үйл явдлыг дуусгасандаа тайвширч буйгаа илэрхийлжээ. Харин үүний хариуд Вүүдийн төлөөлөгч шүүмжлэлтэй байр суурь илэрхийлсэн байна. Тэд Мэнсоны нэхэмжлэлийг Вүүдийн нэр хүндэд халдаж, түүний эсрэг гаргасан зүй бус үйлдлүүдээс анхаарал сарниулах зорилготой байсан хэмээн үзжээ. Мөн тэдний мэдэгдэлд: “Шүүх зөв дүгнэлт гарган, Уорнерын нэхэмжлэл үндэслэлгүй болохыг тогтоосон. Уорнер нэхэмжлэлээсээ татгалзаж, хатагтай Вүүдийн хууль эрх зүйн зардал болох 327,000 ам.долларыг бүрэн төлөхөөр болсон нь үүнийг баталж байна” гэжээ. (People сайтаас эш татав.)
Энэхүү хууль эрх зүйн маргаан нь 2022 оны 3-р сард эхэлсэн бөгөөд Вүүд Марилин Мэнсоныг тэдний харилцааны үеэр бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн олон нийтэд мэдэгдсэнтэй холбоотой. Тэдний харилцаа Вүүд 18 настай байх үед эхэлсэн байна. Харин Мэнсон нэхэмжлэлдээ Вүүд болон түүний хамтрагч Илма Гор нарыг түүний эсрэг хуурамч мэдэгдэл зохион байгуулж, хуурамч нотолгоо бүрдүүлсэн гэж буруутгаж байжээ. Энэ нэхэмжлэл нь Мэнсоны эсрэг дор хаяж 15 эмэгтэйгээс гаргасан бусад ноцтой мэдэгдлүүдийн нэг хэсэг байв. Тэд бүгд Мэнсоныг бэлгийн дарамт үзүүлсэн гэж буруутгасан ч Мэнсон эдгээрийг үгүйсгэж байгаа.
Вүүд 2016 онд анх хүчирхийллийн талаар олон нийтэд ярьж, 2021 оны эхээр Конгресст хохирогчдын эрхийг хамгаалахын төлөө мэдүүлэг өгсөн юм. Тэрбээр тухайн үед Мэнсоныг өөрийн хүчирхийлэгч хэмээн нэрлэж, клипний зураг авалтын үеэр хүчирхийлэлд өртсөн гэдгээ мэдэгдсэн. Үүнийг тэрээр аймшигтай, мэргэжлийн бус үйл явдал байсан хэмээн тодорхойлжээ.
www.comingsoon.net