АНУ-ын сансрын агентлаг НАСА лхагва гарагт Олон улсын сансрын станцаас (ISS) хоёрдугаар сарын 12-нд шууд дамжуулалт хийхээ мэдэгдлээ.
1.3 сая дагагчтай НАСА өмнө нь Twitch сувгаараа үйл явдлуудыг дамжуулж байсан ч энэ удаад анх удаа тус платформд зориулсан онцгой арга хэмжээ зохион байгуулах гэж байна.
Энэхүү шууд дамжуулалт Улаанбаатарын цагаар хоёрдугаар сарын 13-ны 00:45 цагт эхлэх бөгөөд одоогоор сансрын станц дээр ажиллаж буй НАСА-гийн сансрын нисгэгч Дон Петтит, саяхан Crew-8 багийн хамтаар дэлхийд буцаж ирсэн Матт Доминик нар оролцоно. Үзэгчид сансарт амьдрах талаар асуулт асуух боломжтой.
Twitch-г Amazon компани эзэмшдэг бөгөөд видео тоглоом шууд дамжуулах, үзэгчидтэй чатлах боломжтойгоороо онлайн тоглоомын ертөнцөд өргөн хэрэглэгддэг платформ юм.
Үзэгчдэд ойртсон НАСА
“Бид TwitchCon арга хэмжээнд оролцож, бүтээгчдээс тэдний хамт олонд зориулсан шууд дамжуулалт хүсэж буй талаар сонссон бөгөөд үүнийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна” гэж НАСА-гийн Харилцаа холбооны газрын дижитал, технологийн хэлтсийн захирал Бриттани Браун хэллээ. “Бид сансрын алхаа, хөөргөлт, газардах үйл явдлуудаас гадна Twitch-д зориулсан онцгой шууд дамжуулалтуудыг зохион байгуулах болно. Twitch бол бидний шинэ үзэгчдэд хүрэх олон дижитал платформын нэг юм.”
НАСА шинэ платформуудад үзэгчдэдээ хүрэхийг эрэлхийлсээр ирсэн. Тус агентлаг 1980 онд NASA TV сувгаа нээж, хиймэл дагуул болон интернетээр дамжуулан цацдаг байв. Харин өнгөрсөн зун уг телевизийг хааж, зөвхөн дижитал платформд суурилсан NASA+ үйлчилгээг эхлүүлсэн. Энэ нь гар утасны апп, стриминг платформуудаар дамжуулан үзэх боломжтой.
Мөн НАСА олон нийтийн сүлжээний эртний хэрэглэгчдийн нэг бөгөөд Facebook, Instagram, X зэрэг платформ дээр олон дагагчтай.
Тус агентлагийн мэдээлэл түгээх стратеги Дональд Трампын засаг захиргааны үед хэрхэн өөрчлөгдөх нь хараахан тодорхойгүй байна. НАСА олон нийтийн харилцааны чиглэлээр хэдэн зуун мэргэжилтнийг ажиллуулж, хэвлэл мэдээлэл, сошиал стратегиа боловсруулдаг. Ирээдүйд НАСА Үндэсний Тээврийн Аюулгүй Байдлын Зөвлөл (NTSB)-ийн жишгээр Трампын ойрын холбоотон Илон Маскийн эзэмшдэг X платформд илүү төвлөрөх боломжтой. Гэхдээ одоогоор агентлаг томоохон өөрчлөлт хийгээгүй байна.
arstechnica.com