OpenAI компани бүтцийнхээ өөрчлөлтийг зогсоож, ашгийн бус хэлбэрээрээ үргэлжлүүлэх болсноо даваа гарагт албан ёсоор мэдэгдлээ. Энэ шийдвэр нь компанийн үүсгэн байгуулагчдын нэг Элон Маскийн гаргасан шүүхийн нэхэмжлэл болон олон талын эсэргүүцлийн дараа гарсан юм.
OpenAI-ийн Гүйцэтгэх захирал Сэм Алтман өнгөрсөн жил түр хугацаанд ажлаасаа халагдсанаас хойш ашгийн бус ТУЗ-ийн хяналтаас гарахыг оролдсоор ирсэн. Гэхдээ Маск болон бусад байгууллагуудын эсэргүүцэлтэй тулгарсан уг шинэчлэлийн төлөвлөгөө түр хугацаанд зогсоогдож байгаа нь энэ.
Ашгийн бус байдлыг орхих гэсэн гол шалтгаан: мөнгө
OpenAI ашгийн бус бүтэцтэй байгаа нь онолын хувьд хувьцаа эзэмшигчдэд ашиг өгөхөөс илүү “Хиймэл ерөнхий оюун ухаан хүн төрөлхтөнд нийтээр тустай байх” зорилгод анхаарах ёстой гэсэн үүрэгтэй. Гэвч энэ бүтэц нь хөрөнгө оруулалт татахад хүндрэл үүсгэж байна.
Тус компани энэ оны эхээр SoftBank зэрэг хөрөнгө оруулагчдаас 40 тэрбум ам.долларын санхүүжилт татсан ч энэхүү хөрөнгө нь компанийн ашгийн төлөө бүтэц рүү шилжих нөхцөлтэй байсан. Харин одоо энэ санхүүжилт хүчингүй болох эрсдэлтэй болжээ.
Ашгийн төлөө салбар нь өөрчлөгдөнө
OpenAI ашгийн төлөө үйл ажиллагаа эрхэлдэг салбараа үргэлжлүүлэн ажиллуулна. Сэм Алтман тэргүүлдэг уг салбар өмнө нь LLC (хамтарсан хязгаарлагдмал хариуцлагатай компани) хэлбэртэй байсан бол одоо Public Benefit Corporation (PBC) буюу олон нийтэд ашиг тустай корпорац хэлбэрт шилжинэ. Зарим ажиглагчдын үзэж буйгаар энэ нь ирээдүйд хувьцаат компани болох бэлтгэл алхам байж болзошгүй.
PBC бүтэц рүү шилжсэнээр OpenAI нь ашгийн дээд хязгаарыг (100x буцаан өгөлт) хасаж, хөрөнгө оруулагчдад илүү их ашиг өгөх боломж бүрдэх юм. Ашгийн бус ТУЗ нь шинэ PBC компанийн гол хувьцаа эзэмшигч хэвээр үлдэж, хяналтыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
Эсэргүүцэл, хардлага олон
OpenAI-ийн бүтцийн өөрчлөлтийг зогсоох оролдлого олон талаас ирсэн. Элон Маск энэ асуудалд Сэм Алтмантай хувийн үл ойлголцлоосоо шалтгаалан оролцсон байж магадгүй. Meta компанийн зүгээс ч эсэргүүцэл илэрхийлсэн бөгөөд энэ нь өөрсдийн ChatGPT-тэй өрсөлдөх AI хөгжүүлж буйтай холбоотой байж болох юм. Мөн зарим ашгийн бус байгууллагууд OpenAI-ийн хандив, хөрөнгийг олон нийтийн сайн сайханд бус, ашгийн зорилгод ашиглах вий гэхээс болгоомжилсон байна.
Тэгвэл OpenAI жинхэнээсээ “хүн төрөлхтөнд үйлчилж” байна уу?
Сэм Алтман өмнөх ТУЗ-ийг өөрийг нь халаах гэсэн хэргээр огцруулж, өөрт нь илүү ээлтэй гишүүдээр бүрдүүлсэн. Тиймээс түүний жинхэнэ зорилго үнэхээр OpenAI-ийн тунхагласан эрхэм зорилгыг биелүүлэх үү, эсвэл ашиг орлогоо нэмэгдүүлэхийн тулд бүтэц, дүрмээ ашиглаж байна уу гэдэг асуулт нээлттэй хэвээр үлдэж байна.