Blade гурвалсан киноны зохиолч Дэвид С. Гойер саяхан ScreenRant-д өгсөн ярилцлагадаа, хэрэв Кевин Файгийн удирддаг Marvel Studios түүнийг дуудахад, Мар Hershala Ali тоглохоор товлогдсон удааширсан Blade киноны зохиолыг бичихэд хэзээд бэлэн байгаагаа илэрхийллээ. Комик ном дээр үндэслэсэн цус сорогчийн ангууч Blade-ийн түүх түүнд танил сэдэв — Гойер өмнөх Уэсли Снайпсын тоглосон гурван киног бүгдийг нь бичсэн төдийгүй 2004 оны Blade: Trinity киног өөрөө найруулсан байдаг.
Гойерын хэлснээр:
“Би дуртайяа бичнэ. Би энэ дүрийг үргэлж хайрлаж ирсэн, одоо ч гэсэн хайртай. Гэхдээ би сүүлийн үед хажуугаас нь харж суухдаа ‘Юу болоод байна аа? Яагаад ийм их хугацаа шаардаж байна вэ?’ гэж гайхаж сууна. Би өөрөө Marvel-ийн том фен. Ийм зүйл болж байгаад үнэхээр гайхаж байна.”
Marvel анх 2019 оны долдугаар сард Blade киног Махершала Алигаар гол дүрд тоглуулахаар зарлаж байсан ч бүтээлийн явц олон саадтай тулгарсан. Олон найруулагч, зохиолч ирж явсан бөгөөд хамгийн анхны найруулагчаар ажиллах ёстой байсан Бассам Тарик 2022 оны есдүгээр сард — зураг авалт эхлэхээс хоёр сарын өмнө төсөлд оролцохоос татгалзсан. Түүнчлэн зохиолчдын бүрэлдэхүүнд Watchmen цувралын Стэйси Осей-Куффоур, Майкл Старбери зэрэг олон хүн оролцсон ч төслийн чиглэл байнга өөрчлөгдөж байв. Хамгийн сүүлд Lovecraft Country цувралын найруулагч Янн Деманж 2023 оны зургаадугаар сард төслөөс гарсан.
Кевин Файги өнгөрсөн зун Deadpool & Wolverine киноны сурталчилгааны үеэр BlackTree TV-д өгсөн ярилцлагадаа:
“Сүүлийн хоёр жил бид энэ киног яаж хийвэл оновчтой байх талаар шаргуу ажилласан. Бид яарч, буруу зүйл хийхийг хүсэхгүй. Хамгийн гол нь зөв Blade киног бүтээх” гэж тайлбарлажээ.
Variety сэтгүүл 2023 оны арваннэгдүгээр сард мэдээлэхдээ Blade кино таван өөр зохиолчийн гараар орсон хэмээн онцолсон. Зарим эх сурвалжийн мэдээлснээр, зохиолын нэг хувилбар нь эмэгтэй дүрүүд голлож, амьдралын ухаан сургаалиар дүүрэн байсан гэх. Түүнчлэн тухайн үед Marvel уг киног 100 сая ам.доллараас доош өртгөөр хийх төлөвтэй байгаа гэсэн цуурхал тарсан. Улмаар Blade киноны нээлтийг Marvel Studios өнгөрсөн намар албан ёсоор хойшлуулж, нээлтийн хуанлигаасаа хассан.
Файги IGN-д өгсөн ярилцлагадаа:
“Бид Blade-ийг бүтээхэд тууштай ханддаг. Энэ дүрийг хайрладаг. Махершалагийн дүр бүтээх өнцөг бидэнд маш их таалагдаж байгаа. Бид төслөө өөрчлөх, эсвэл хуваарьт хэрхэн оруулах талаар ажиллаж байх үедээ үзэгчдэдээ үнэн зөв мэдээлэл өгөхийг эрхэмлэдэг. Та бүхэнд яг одоо болж буй үйл явцын талаар үнэн мэдээлэл очиж байгаа. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд, энэ дүр MCU-д заавал ирнэ.”
Мөн Blade дүр сүүлийн удаа ихээхэн хүлээлттэйгээр Deadpool & Wolverine кинонд зочилсон бөгөөд энэ бүтээл дэлхий даяар 1.3 тэрбум ам.долларын орлого олсон. Уг кинонд Blade хошигнон Deadpool-д хандан:
“Blade нэг л хүн байсан. Ирээдүйд ч ганцхан Blade л байх болно” хэмээн хэлдэг хэсэг үзэгчдийг баясгасан билээ.
variety.com