Жүжигчин Одейя Раш “Corporate Retreat” нэртэй шинэ аймшгийн триллер киноны гол дүрийн нэгээр сонгогдлоо. Энэхүү кинонд түүний хамт Симона Табаско (“White Lotus”), Алан Рак (“Succession”), Аштон Сандерс (“Moonlight”) болон Розанна Аркетт (“Pulp Fiction”) нар тоглохоор болсон бөгөөд зураг авалт нь зургадугаар сард эхэлнэ.
Раш өмнө нь шүүмжлэгчдээс өндрөөр үнэлэгдсэн “Lady Bird” кинонд тоглож, жүжигчдийн бүрэлдэхүүнээрээ SAG /Америкийн Кино жүжигчдийн холбооны шагнал/ шагналд нэр дэвшиж байсан. Мөн Apple TV+–ийн “Cha Cha Real Smooth,” Netflix-ийн “Let It Snow,” “Goosebumps” болон “The Giver” зэрэг кинонуудад амжилттай оролцсон туршлагатай.
“Corporate Retreat” кино нь компанийн гүйцэтгэх захирлуудын баг бүрдүүлэх зорилготой аялал хэрхэн аймшигт үйл явдлын эхлэл болдгийг өгүүлнэ. Аяллын ахлагч нууц төлөвлөгөөтэй болох нь илэрснээр тэдний хооронд амь дүйсэн тэмцэл эхэлнэ. Найруулагчаар “Inside the Rain” киноны Аарон Фишер ажиллаж байгаа бөгөөд зохиолыг тэрээр Керри Ли Ромеогийн хамт бичжээ. Продюсераар “White Noise” болон “Tesla” зэрэг кинонуудын Юри Сингер ажиллаж байна.
“Одейя бол ямар ч дүрд сэтгэл хөдлөлийн гүн гүнзгий өнгө оруулж чаддаг онцгой авьяастай жүжигчин,” хэмээн продюсер Юри Сингер онцоллоо. “Бид түүнийг хамт олондоо хүлээн авч байгаадаа баяртай байна.”
Юри Сингер ирээдүйд Дон ДеЛиллогийн “Underworld” романыг кино болгохоор ажиллаж байгаа бөгөөд зохиолыг нь Тед Мелфи бичиж, найруулна.
Одейя Раш нь Verve болон MGMT агентлагуудаар, найруулагч Фишер нь Sovereign Talent Group-аар, харин продюсер Сингер нь Knol Hanly PC-ээр тус тус төлөөлүүлдэг.
variety.com