in ,

Войцех Шчесны: Барселонад үлдэх эсэхийг эхнэр маань шийднэ

Войцех Шчесны Барселона дахь ирээдүйнхээ талаар яаравчлан шийдвэр гаргахгүй гэв.

Войцех Шчесны: Барселонад үлдэх эсэхийг эхнэр маань шийднэ

Войцех Шчесны Барселона клубтай хоёр жилийн шинэ гэрээ байгуулах эсэх талаар тунгаан бодож байгаа ч эцсийн шийдвэрийг эхнэртээ даатгана гэж мэдэгдлээ.

Өнгөрсөн зун ЕВРО 2024-ийн дараа зодог тайлж, гэр бүлтэйгээ илүү их цагийг өнгөрөөхөөр шийдсэн Шчесны Барселонад нэг жилийн гэрээ байгуулсан нь үндсэн хаалгач Марк-Андре тер Стеген өвдөгний хүнд гэмтэл авсантай холбоотой юм.

Шинэ дасгалжуулагч Ханси Фликийн итгэлийг хурдан олж, Барселонагийн дотоодын тэмцээнүүд дэх давамгайлалд гол үүрэг гүйцэтгэсэн Шчесны клубын гол хаалгачаар тоглож байна.

Барселона аль хэдийнэ Копа дель Рей цомыг хүртэж, өчигдөр Реал Мадридыг 4-3 харьцаатайгаар буулган авч, Ла Лигийн хүснэгтийн тэргүүнд долоон онооны зөрүүтэйгээр бичигдээд байна.

Шчесны: Гэрээний талаар удахгүй шийднэ

Тоглолтын дараа Шчесны гэрээний санал хүлээн авснаа баталсан ч шийдвэрээ гаргахад жаахан хугацаа хэрэгтэй гэж хэлжээ.

Тэрээр Польшийн Canal+ сувагт өгсөн ярилцлагадаа:
Эхнэртэйгээ хамт шийдэх ёстой учраас одоогоор энэ талаар ярилцаагүй л байна. Манай гэр бүлийн ихэнх шийдвэрийг эхнэр маань гаргадаг, би үүнд огтхон ч ичдэггүй.
Футболын тухайд бол би шийддэг ч энэ бол онцгой тохиолдол. Бид анхнаасаа зөвхөн нэг жил энд ирж мөрөөдлөө биелүүлээд дараа нь гольф тоглож амьдрахыг хүсэж байсан.
Дараагийн хэдэн долоо хоногт шийднэ. Хичээл, нүүх зэрэг логистик асуудлууд ч бий. Харин одоогоор юу болоод өнгөрснийг зүгээр л таашааж, үлдэх эсэхээ бодохоос зайлсхийж байна” хэмээн хэлжээ.

Талбай дээр үзүүлж буй тоглолтоос гадна, Барселонагийн залуу тоглогчдод үзүүлж буй эерэг нөлөөллийн тухай Mundo Deportivo сонин онцолсон байна.

Одоо Марк-Андре тер Стеген бүрэн эдгэрсэн тул ирэх улиралд түүнийг дахин гарааны бүрэлдэхүүнд оруулж, 35 настай Шчесныг сэлгээний гол хаалгачаар үлдээх нь Барселонагийн төлөвлөгөө аж.

101greatgoals.com

What do you think?

“Бүхний онол” руу нэг алхам ойртсон нь: Хүндийн хүчийг квантын хуулиар тайлбарлах шинэ оролдлого

“Бүхний онол” руу нэг алхам ойртсон нь: Хүндийн хүчийг квантын хуулиар тайлбарлах шинэ оролдлого