Криштиану Роналду хүүгийнхээ Португалын 15 хүртэлх насны шигшээ багийн төлөөх анхны тоглолтод ялалт байгуулсны дараа хамгийн түрүүнд баяр хүргэв.
Криштиану Роналду Жуниор Японы 15 хүртэлх насны багийн эсрэг тоглолтын хоёрдугаар хагасын ес дэх минутад сэлгээгээр талбайд гарч, Португал 4-1-ээр хожсон тоглолтод оролцлоо. Тухайн үед Рафел Кабралын хийсэн хет-трикийн ачаар Португал 3-0-ээр тэргүүлж байв.
14 настай Роналду Жуниор эцгийнхээ нэгэн адил Саудын Арабын Ал-Наср клубын академид харьяалагддаг бөгөөд тус клубын ирээдүйтэй тоглогчдын нэгт тооцогдож байна.
Хүү нь олон улсын тавцанд эцгийнхээ замналыг даган итгэл төгс урагшилж байгаад Криштиану Роналду бахархалтайгаар хандсан юм. Тэрээр өөрийн цахим хаягтаа:
“Португалын төлөө дебют хийсэнд баяр хүргэе, хүү минь. Чамайгаа маш ихээр бахархаж байна” хэмээн бичжээ.
Parabéns pela estreia por @selecaoportugal, filho. Muito orgulho em ti! pic.twitter.com/BWbKDewDnZ
— Cristiano Ronaldo (@Cristiano) May 13, 2025
Тус тоглолт нь Хорват улсад зохиогдож буй Влатко Марковичийн нэрэмжит олон улсын тэмцээний хүрээнд Португалын 15 хүртэлх насны шигшээ багийн оролцох дөрвөн тоглолтын эхнийх байсан бөгөөд тэд ирэх лхагва гарагт Грекийн багтай, баасан гарагт Английн багтай тоглоно. Харин ням гарагт болох сүүлийн тоглолтын өрсөлдөгч хараахан тодроогүй байна.
101greatgoals.com