УЛААНБААТАР— Монголын сагсан бөмбөгийн клуб “Хасын хүлгүүд” BCL Asia-East 2025 тэмцээний хэсгийн шатны сүүлийн тоглолтод Тайландын Hi-Tech багийг 88-80-аар хожиж, нэг ч хожигдолгүйгээр (6-0) Хагас финалын шатанд шалгарлаа.
Тус тоглолт нь энэ пүрэв гарагт M bank Arena-д болж, Иан Миллер 25 оноо авч багаа хожилд хөтлөв. Тэрбээр сүүлийн 4-р үед 13 оноо, түүний дотор хэцүү хоёр удаагийн гурван онооны шидэлтээр онооны зөрүүг нөхөж, тоглолтыг эргүүлсэн. Тэрбээр 14-2 харьцаатай run хийж, оноог 83-73 болгосноор баг нь ялалт авахад ойртов.
Сүүлчийн минутуудад өрсөлдөгч онооны зөрүүг 5 болгож багасгасан ч Миллер оноо авахын оронд А.Азбаярт оновчтой дамжуулалт өгч, тоглолтыг шийдсэн гурван онооны шидэлтийг хийх боломжийг бүрдүүллээ.
Миллер нийт 5 удаагийн гурван онооны шидэлт амжилттай болгож, 44 хувийн шидэлтийн гүйцэтгэлтэйгээр 5 самбар, 4 оновчтой дамжуулалт, 2 бөмбөг таслалтаар багтаа тэргүүлэн тус хүргэлээ.
“Энэ ялалтад үнэхээр их баяртай байна. Өнгөрсөн жилийн урьдчилсан шатны бүтэлгүйтлийн дараа бид эргэн ирж чадлаа. Монголын сагсан бөмбөгийн түүхэнд бид шинэ хуудас нээж байна,” хэмээн багийн ахлах дасгалжуулагч Э.Ариунболд онцоллоо.
А.Азбаяр 21 оноо, 6 самбар, 2 хаалтаар багтаа хүч нэмсэн бол Д.Мөнхтүшин 11 оноо, Жордан Толберт 10 оноо, 10 самбар авч давхар амжилт үзүүллээ.
Хасын хүлгүүд дараагийн шатанд Индонезийн Pelita Jaya Basketball багтай 5-р сарын 30-31-нд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод М bank Arena-д болох хагас шигшээ тоглолтод тулна.
“Энэ бол Монголын сагсан бөмбөгийн дараагийн алхам. Би энд ирээд багтаа тусалж, соёлыг өөрчилж, түүх бүтээхийг хүссэн. Бид яг үүнийг хийж байна,” хэмээн 33 настай тоглогч Иан Миллер сэтгэгдлээ хуваалцлаа.
Харин Hi-Tech багийн хувьд Майк Синглетари 24 оноо, 11 самбар, 8 дамжуулалттай тоглож triple-д дөхөж, багийнхаа гол тоглогч байв. Райан Уоткинс 16 оноо, 8 самбар, Фредди Лиш 11 оноо, 7 самбар, Эммануэл Эжесу 8 оноо, 9 самбараар тус бүр багтаа нэмэр болжээ.
Hi-Tech баг хэсгийн шатны тоглолтоо 2 хожил, 4 хожигдолтойгоор дуусгалаа.
fiba.basketball