Каннын кино наадамд оролцож буй жүжигчин Педро Паскаль “Эддингтон” киноны хэвлэлийн бага хурал дээр АНУ-ын улс төрийн замбараагүй байдлын талаар асуухад эрс шийдэмгий байр суурь илэрхийлжээ.
“Чамайг айлгах гэсэн хүмүүст бүү бууж өг, Айдас бол тэдний ялалтын зэвсэг. Тиймээс ярьж, өөрийгөө илэрхийлж, өөрөө байх эрхийнхээ төлөө тэмцсээр бай. Тэднийг бүү ялуул хэмээжээ.
A24 студийн бүтээл “Эддингтон” кино өнгөрсөн шөнө Каннын наадмын үеэр нээлтээ хийж, таван минут үргэлжилсэн алга ташилтаар үзэгчдийг байлдан дагууллаа. Киноны гол дүрд тоглосон Хоакин Финикс нулимс дуслуулсан нь олны анхаарлыг татсан юм. “Эддингтон” нь АНУ-д цар тахлын оргил үед буюу 2020 оны тавдугаар сард өрнөх үйл явдлыг харуулдаг бөгөөд MAGA хөдөлгөөнийг шүүмжилсэн агуулгатай. Финикс хэмээх жижиг хотын шерифийн, Паскаль хотын даргын дүрийг бүтээсэн бөгөөд хоёрын хоорондын зөрчил хөршүүдийг хуваагдалд хүргэнэ. Тэдэнтэй хамт Люк Граймс, Диэрдре О’Коннелл, Майкл Уорд, Клифтон Коллинз нар тогложээ.
Хэвлэлийн хурлын үеэр Паскаль Трампын цагаачлалын бодлогын талаар ч мөн байр сууриа илэрхийлсэн юм.
Тэрээр ийм асуудлаар жүжигчин хүн дуугарна гэдэг үнэхээр айдастай зүйл. Би хангалттай мэдээлэлгүй байж мэднэ, гэхдээ хүмүүс аюулгүй, хамгаалагдсан байгаасай гэж хүсдэг. Би түүхийн зөв талд зогсохыг хүсдэг.
Би өөрөө цагаач. Миний эцэг эх Чили улсаас дүрвэж, бид Дани улсаар дамжин АНУ-д оршин суух болсон. Хэрвээ энэ боломж байгаагүй бол бидэнд юу тохиох байсан нь тодорхойгүй. Тиймээс ийм хамгаалалтыг би дэмждэг. Асуулт тань хэт сүрдмээр санагдлаа, яг юу гэж асуусныг нь ч сайн санадаггүй.
Variety сэтгүүлийн кино шүүмжлэгч Оуэн Глейберман уг киног “Америкийн бодит байдал хэрхэн гажуудсаныг илчилсэн зоримог Вестерн триллер” хэмээн онцолжээ.
Мөн “Эддингтон хошин кино биш ч Америкийг уур хилэнтэй, зэвүүн, бүр галзуу мэт дүрээр харуулдаг. Энэхүү бүтээл нь шинэ Америкийн дүр зургийг илэн далангүй харуулж байна. Найруулагч Астерын үзэж байгаагаар энэ бүх өөрчлөлтийн үндэс нь КОВИД ба түүний хатуу дүрэм журам бидний сэтгэл зүйд хэрхэн нөлөөлсөнд оршиж байна гэжээ.
variety.com