“Mission: Impossible” франчайз төгсгөл рүүгээ дөхөж буй энэ үед жүжигчин Том Круз дараагийн томоохон төслүүдийнхээ талаар ам нээжээ.
Австралийн Today Show нэвтрүүлэгт оролцох үеэрээ Круз өөрийн багийн хамт “Top Gun: Maverick” (2022) болон хурдны уралдаант сэдэвт “Days of Thunder” (1990) кинонуудын үргэлжлэлийг хийх боломжуудыг хэлэлцэж, ажил эхлүүлээд байгаагаа мэдэгдсэн байна.
Нэвртүүлгээр Том Круз: “Тийм ээ, бид олон төрлийн түүх, юу хийж болох талаар ярилцаж, бодож байгаа. ‘Top Gun: Maverick’-ийг бүтээхэд надад 35 жил шаардлагатай болсон. Одоо ‘Days of Thunder’ болон ‘Top Gun: Maverick’-ийн үргэлжлэлийг зэрэг хэлэлцэж байна” гэжээ.
Тэрээр үргэлжлүүлэн:
“Бид олон өөр кинон дээр идэвхтэй ажиллаж байна. Би үргэлж зураг авалттай эсвэл кино бэлтгэл, пост-продакшнд оролцож байдаг. Би саяхан ‘The Revenant’-ийн найруулагч Алехандро Иньярритутай хамт нэгэн киногоо дуусгасан. Удахгүй тэр киног танилцуулна. Маш гайхалтай туршлага байсан. Мөн найруулагч Кристофер МакКуорритэй хамт өөр хэд хэдэн төсөл дээр ажиллаж байна” гэж нэмж хэлжээ.
2022 оны тавдугаар сард дэлгэцнээ гарсан “Top Gun: Maverick” кино дэлхий дахинд $1.49 тэрбумын орлого олж, асар амжилттай хит болж байв. Харин анхны “Top Gun”-ийн дараах дөрөв дэх жилдээ, 1990 онд нээлтээ хийсэн “Days of Thunder” кино кинотеатруудаас нийт $157 саяын ашигтайгаар буужээ (инфляцийн нөлөөг тооцоогүйгээр).
Том Крузийн хэлснээр түүний дараагийн төсөл бол Алехандро Гонсалес Иньярритугийн найруулж буй нэргүй кино юм. Variety сэтгүүлийн мэдээлснээр 2024 оны 10-р сард зураг авалт нь Их Британид эхлэхээр төлөвлөгдсөн байсан бөгөөд жүжигчдийн бүрэлдэхүүнд Том Крузээс гадна Сандра Хюллер, Жон Гудман, Майкл Стулбарг, Жесси Племонс, Софи Уайлд нар багтжээ.