in

Трамп Спрингстиныг онилсон хуурамч бичлэг нийтэлж, шүүмжлэлд хариу барив

Ерөнхийлөгч өмнө нь тоглолтын үеэр нь өөрийг нь шүүмжилсэн хэмээн дуучныг хатуу шүүмжилж байсан.

Трамп Спрингстиныг онилсон хуурамч бичлэг нийтэлж, шүүмжлэлд хариу барив

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп хөгжмийн домог Брюс Спрингстины эсрэг дахин шүүмжлэл өрнүүлж, энэ удаад түүнийг гольфын бөмбөгөөр цохиж унагааж буй хуурамч бичлэгийг нийтэллээ.

Тус бичлэгийг Трамп өөрийн Truth Social платформ дээр тавдугаар сарын 21-нд хуваалцсан бөгөөд түүнийг “Make America Great Again” уриатай улаан малгай өмсөн гольф тоглож байгаагаар харуулдаг. Цохилтын дараа бичлэг Спрингстин тайзан дээр алхаж буй дүрс рүү шилжиж, гэнэт цагаан бөмбөг ар талыг нь онон унагаах бөгөөд үзэгчдийн алга ташилт, “сайн цохилт” гэх дуу авиа орсон байв. Трамп бичлэгт ямар нэгэн тайлбар бичээгүй бөгөөд уг бичлэгийг X платформ дээр мөн нийтэлсэн байна.

Энэ явдал нь Спрингстиний Англид хийсэн тоглолтын үеэр Трамп болон түүний засаг захиргааг шүүмжилсний дараа өрнөж байгаа хэрэг юм. Тэрбээр тавдугаар сарын 14-нд Манчестер хотод болсон “Land of Hopes and Dreams” нэртэй аялан тоглолтын үеэр:

“Америк одоо авлигалд идэгдсэн, чадваргүй, эх орноосоо урвасан удирдлагын гарт байна. Ардчилал, Америкийн хамгийн сайн үнэт зүйлсэд итгэдэг хэн бүхнийг өнөө орой бидэнтэй нэгдэж, эрх чөлөөний төлөө дуу хоолойгоо өргөхийг уриалж байна” хэмээн хэлжээ.

Трамп үүний хариуд тавдугаар сарын 16-нд нийтэлсэн урт мэдэгдэлдээ Спрингстинийг “тэнэг чулуу шиг нөхөр”, “үрчийсэн хуурай үзэм шиг хөгшин” хэмээн доромжилж, ур чадварыг нь үгүйсгэсэн байна. Тэр өдөр Трамп мөн дуучин Тэйлор Свифтийг ч доромжилсон бөгөөд Свифт ч адил Ардчилсан намаас нэр дэвшсэн Камала Харрисыг дэмжсэн юм.

Спрингстин тавдугаар сарын 17-нд болсон дараагийн тоглолтын үеэр ч шүүмжлэлээ үргэлжлүүлж, “Манай улсад иргэдийг үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө хавчиж, үг хэлэх эрхийг нь боомилж байна. Сонгогдсон удирдагчдын ихэнх нь ард иргэдээ Трамп шиг буруу замаар явж буй ерөнхийлөгч, хяналтаас гарсан төрийн зүй бус үйлдлээс хамгаалж чадахгүй байна” хэмээн мэдэгдсэн юм.

Түүний энэ мэдэгдлүүд нь шинээр гаргасан зургаан дуунаас бүрдэх “Land of Hopes & Dreams” нэртэй EP цомогт багтсан бөгөөд уг цомог тавдугаар сарын 22-нд цацагджээ.

Энэ бүхний дараа Трамп Харрисын сонгуулийн кампанит ажлыг “хууль бус сонгуулийн луйвар” зохион байгуулсан хэмээн буруутгаж, Спрингстин, Бейонсе, Боно, Опра Уинфри нарыг “хууль бусаар төлбөр авч Харрисын сурталчилгаанд оролцсон” хэмээн мэдэгдсэн. Гэвч энэ төрлийн мэдээллийг FactCheck.org 2024 онд няцааж байсан юм.

Америкийн Хөгжимчдийн Холбоо тавдугаар сарын 16-нд гаргасан мэдэгдэлдээ:

“Брюс Спрингстин, Тэйлор Свифт нар бол бидний гишүүд. Тэднийг АНУ-ын Ерөнхийлөгчийн зүгээс олон нийтийн өмнө ингэж доромжилж байгааг бид зүгээр хараад суухгүй. Хөгжимчид чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Бид бүх гишүүдийнхээ талд бат зогсож байна” хэмээн онцолжээ.

billboard.com

What do you think?

Барселона: Ханси Флик гэрээгээ 2027 он хүртэл сунгалаа

Барселона: Ханси Флик гэрээгээ 2027 он хүртэл сунгалаа

Пол Жоржийг наймаалах магадлал Сиксерст бага байна

Пол Жоржийг наймаалах магадлал Сиксерст бага байна