SpaceX-ийн туршилтын хөлөг дэлбэрлээ
SpaceX компанийн Starship хөтөлбөрийн туршилтын хөлөг “Ship 36” нь 6-р сарын 18-ны шөнө Техас дахь Starbase-ийн Massey туршилтын газарт дэлбэрчээ. Энэхүү хөлөг нь ирээдүйн нислэгийн туршилтад бэлтгэж байсан бөгөөд өмнөх туршилтууд амжилтгүй болсон учраас энэ удаа аюулгүй байдлыг хангах зорилгоор газарт байрласан байв.
SpaceX-ийн мэдээллээр, 51 метрийн өндөртэй Starship-ийн дээд шат нь Starbase-ийн туршилтын талбайд томоохон доголдолтой тулгарчээ. Ослын үеэр аюулгүй байдлын бүсийг хадгалж, ажилтнуудын аюулгүй байдал бүрэн хангагдсан байна. Компанийн зүгээс орон нутгийн эрх баригчидтай хамтран ослын үр дагаврыг зохицуулах арга хэмжээ авч байгаа бөгөөд ойр орчмын иргэдэд аюул учруулахгүй гэж мэдэгдсэн ч аюулгүй байдлын арга хэмжээ авах хүртэл уг газраас хол байж байхыг анхааруулжээ.
SpaceX-ийн захирал Элон Маск “Зүгээр жижиг осол” хэмээн энэ явдлыг онцолжээ. Тэрээр туршилтын эхний өгөгдлүүдээс үзэхэд хөлгийн ачааны хэсэгт байрлах азотын COPV (Нийлмэл материалын ороомогтой даралтат сав) хагарсан байж магадгүй гэсэн таамаглал дэвшүүлсэн байна. Энэхүү COPV нь өндөр даралттай шингэнийг хадгалахад зориулагдсан хөнгөн сав бөгөөд NASA-ийн мэдээлснээр нийлмэл материалаар хийгдсэн байна.
АНУ-ын Холбооны нисэхийн захиргааны 6-р сарын 18-нд гаргасан зөвлөмжид 6-р сарын 29-нд нислэгийн 10-р туршилт хийх боломжтой гэж үзэж байсан ч одоо энэ нь боломжгүй болжээ. SpaceX-ийн сүүлийн үеийн туршилтууд амжилтгүй болж байгаа бөгөөд энэ осол нь асуудлыг улам хүндрүүлж байна. 2024 оны 1-р сард болсон 7 дугаар нислэгт хөөргөх системийн доргилт үүссэнээс болж түлшний алдагдал, гал гарсан бол 3-р сард болсон 8 дугаар нислэг нь нэг Raptor хөдөлгүүрийн эвдрэлээс болж богино хугацаанд зогссон юм. 5-р сард болсон 9 дугаар нислэг нь сансарт хүрсэн ч дэлхий рүү буух үед алдагдал үүсэж хөлөг задран унасан байна.
SpaceX-ийн Starship хөтөлбөрийн зорилго нь хүн болон ачааг Сар, Ангараг болон нарны аймгийн бусад хэсэгт тээвэрлэх явдал юм. Энэ нь НАСА-ийн Artemis хөтөлбөрийн нэг хэсэг бөгөөд 2027 он гэхэд сансрын нисгэгчдийг Саран дээр газардуулах зорилготой. Мөн Элон Маскын Ангарагийг колоничлох зорилгод чухал үүрэгтэй.
Эх сурвалж:
SpaceX Starship Explodes in Spectacular Fireball at Texas Test Facility
Are we on Mars yet?