FIBA Азийн эмэгтэйчүүдийн цомын хоёрдугаар шат (Division B)-ны сүүлийн шатны тоглолтууд Хятадын Шэньжэнь хотод үргэлжилж байна. Өнөөдрийн тоглолтуудаар Тайланд, Монголын эмэгтэйчүүдийн шигшээ багууд ялалт байгуулж, хагас шигшээд шалгарлаа. Монголын хувьд түүхэндээ анх удаа Division B-ийн хагас шигшээд шалгарч байгаа нь онцлох амжилт байв.
Тайланд Энэтхэгийг гурван онооны шидэлтээр илүүрхэв
Тав дахь өдрийн эхний тоглолтод Тайландын шигшээ баг Энэтхэгийн эсрэг хүчтэй тоглолт үзүүлж, 93-76 харьцаатай ялалт байгууллаа. Уг тоглолтод Тайландын баг нийт 18 удаагийн гурван онооны шидэлтийг амжилттай болгож, хоёрдугаар хагаст онооны зөрүүг 18 болгож чадсан. Түүнчлэн 25 оновчтой дамжуулалт хийж, бөмбөгийг маш үр дүнтэй хуваарилсан нь ялалтад чухал үүрэг гүйцэтгэлээ.
Тус тоглолтод Раттиякорн Удомсүк 6 холын шидэлт амжилттай болгож, 25 оноо авсан бол Варинтон Сүммат 14 оноо нэмэрлэв. Энэтхэгийн зүгээс Среекала Рани, Пүшпа Сентил Кумар нар тус бүр 23 оноо авч, багийнхаа гол хүч байлаа. Гэвч Энэтхэг баг тоглолтын турш 15 удаа бөмбөг алдсан нь хагас шигшээд шалгарах боломжийг нь үгүй хийв.
Монгол Казахстаныг буулган авч түүхэн амжилтад хүрлээ
Өнөөдрийн хоёр дахь, хагас шигшээд шалгарах тоглолтод Монголын шигшээ баг Казахстантай тулж, 78-70 харьцаатай ялалт байгууллаа. Энэхүү ялалтаар Монгол Division B шатны топ 4 багийн нэг болж, анх удаа хагас шигшээ шатанд шалгарч байна.
Тоглолтын эхнээс Монголын баг хатуу хамгаалалт, периметрийн шидэлтээр илүүрхэж, 3-р үед 20 онооны зөрүүг бий болгож чадсан. Казахстан сүүлийн мөчид онооны зөрүүг ганц оронтой тоонд хүртэл ойртуулсан ч эргэн ирэлт хийж чадсангүй.
Б.Ариунцэцэг, Н.Нандинхүсэл, О.Хулан нар нийлээд 51 оноо авсан бол Казахстанаас Анастассиа Алишавскайте 21 оноо авч, багаа тэргүүлсэн байна.
Хагас шигшээ тоглолтын хуваарь
- Монгол vs Тайвань /2025.07.19-нд 16.30 цагаас/
- Тайланд vs (нөгөө хэсгийн ялагч)
Тайланд, Монгол хоёр хожлын ачаар Division B шатны медалийн төлөө өрсөлдөхөөс гадна ирэх улиралд Division A-д дэвших эрхийн төлөө ч түүхэн боломжтой тулгараад байна. Монголын хувьд тус тэмцээнд оролцож буй хоёр дахь удаагаа ийнхүү тэмцээний шувтрагад дэвшиж байна.
Эх сурвалж: fiba.basketball