35 гэрлийн жилийн зайд орших улаан одны систем
Дөнгөж 35 гэрлийн жилийн зайд жижигхэн улаан од шинжлэх ухаанчдын анхаарлыг татлаа. L 98-59 хэмээх энэ даруухан од өнөөг хүртэл хамгийн нарийвчлан судлагдсан гаригийн системүүдийн нэгийн төвд оршиж байна.
Шалтгаан нь энгийн: энэ одны орчимд шингэн ус оршин тогтнох боломжтой “Алтан бүс”-д багтдаг таван гариг бий. Экзопланет судлалын Троттьегийн хүрээлэн (IREx) болон Монреалийн их сургуулийн эрдэмтэд L 98-59 системийг урьд өмнө байгаагүй нарийвчлалтайгаар зураглажээ. Үүний үр дүнд энэ улаан одны амьдрахуйц бүсэд тав дахь гаригийн оршин тогтнол баталгаажсан бөгөөд амьдралын таатай нөхцөл бүрэлдэх боломжтой тун ирээдүйтэй бүс нутаг болж байна.
“Алтан бүс” гэж юу вэ?
“Алтан бүс” гэдэг нь сансарт хэт халуун ч биш, хэт хүйтэн ч биш бүс гаригийн гадаргад шингэн ус тогтох боломжтой орон зайг хэлнэ.
Судлаачид үүнийг “амьдрахуйц бүс” гэж нэрлэдэг боловч “Алтан” гэх хоч нь үлгэрийн аягатай зутан шиг яг тохирсон тэнцвэрийг илэрхийлдэг. Энэ бүсэд ус шууд ууршиж алга болохгүй, мөн мөс болон царцахгүй хадгалагдана.
Амьдрал бидний мэдэх хэлбэрээр оршин тогтнохын тулд ус зайлшгүй шаардлагатай тул ийм бүсэд орших гаригуудыг илрүүлэх нь Дэлхийгээс гадна амьдрал олох магадлалыг ихээхэн нэмэгдүүлдэг.
Гэвч “Алтан бүс”-д байх нь амьдрах боломжтой гэсэн баталгаа биш. Гаригт мөн агаар мандал, зөв химийн найрлага, цацрагийн хамгаалалт, тогтвортой геологийн нөхцөл шаардлагатай. Дэлхий хүртэл өнөөгийн хэлбэртээ хүрэхийн тулд хэдэн тэрбум жилийн хувьслын аз тохиол хэрэгтэй болсон.
L 98-59 одны систем
L 98-59 бол жижиг улаан од бөгөөд 2019 онд NASA-ийн TESS хөтөлбөрөөр гурван гариг илэрч, дараа нь ESPRESSO спектрограф ашиглан дөрөв дэх гаригийг нэмж илрүүлсэн.
Эдгээр дөрвөн гариг бүгд өөрсдийн одыг Буд гараг Нарны эргэн тойронд эргэдэгээс ч ойрхон тойрдог.
“Энэ шинэ үр дүн нь бидэнд L 98-59 системийн хамгийн бүрэн дүр зургийг өгч байна. Сансрын болон газрын телескопын өндөр нарийвчлалтай өгөгдлийг нэгтгэсний хүчтэй жишээ юм” хэмээн IREx-ийн ахлах судлаач Чарльз Кадье хэлэв.
Энэхүү судалгаа нь мөн ирээдүйд James Webb сансрын дурангаар (JWST) агаар мандлын шинжилгээ хийх гол байнуудыг тодорхойлж өгч байна.
Халуун, ус ихтэй, амьдрах боломжтой гаригууд
Судалгааны баг газар болон сансрын архивын их хэмжээний өгөгдлийг шинжилж, гаригуудын массын болон хэмжээний өндөр нарийвчлалтай тооцоо гаргав.
- L 98-59 b, хамгийн ойрын гариг нь Дэлхийгээс жижиг буюу хэмжээнийх нь 84%, массынх нь тал орчим.
- Хоёр ойрын гариг нь Юпитерийн сар Ио шиг таталцлын халалтаас болж идэвхтэй галт уултай байх магадлалтай.
- Гурав дахь гариг нь нягтрал бага тул ус ихтэй “усан ертөнц” байх боломжтой.
Эдгээр гаригийн бараг дугуй тойрог зам нь агаар мандлын нарийвчилсан судалгаанд илүү тохиромжтой болгодог.
“Хадат гараг болон олон төрлийн найрлагатай гаригуудаас бүрдсэн L 98-59 нь салбарын хамгийн сонирхолтой асуултуудыг судлах өвөрмөц лаборатори болж байна” хэмээн IREx-ийн захирал, хамтран зохиогч Рене Дойон дурдав.
Эдгээр асуултад:
- Супер-Эрд болон Суб-Нептун төрлийн гаригууд яг юунаас бүрддэг вэ?
- Жижиг оддыг тойрон гаригууд өөрөөр үүсдэг үү?
- Улаан оддыг тойрсон хадат гаригууд удаан хугацаанд агаар мандлаа хадгалж чадах уу?
L 98-59 системийн тав дахь гариг
Судалгааны нэг чухал үр дүн бол шилжилтгүй тав дахь гариг L 98-59 f-ийн оршин тогтнолыг баталгаажуулсан явдал юм. Үүнийг HARPS болон ESPRESSO-гийн нарийн радиаль хурдны хэмжилтээр илрүүлжээ.
Энэ гариг өөрийн одоос Дэлхий Нараасаа авдагтай ойролцоо хэмжээний энерги авдаг нь онцгой сонирхол татаж байна.
“Ийм авсаархан системд тааламжтай температуртай гариг илрүүлсэн нь үнэхээр сэтгэл хөдөлгөм. Энэ нь экзопланетын системүүдийн гайхамшигтай олон төрлийг дахин харуулж, жижиг оддыг тойрсон амьдрахуйц гаригуудыг судлах шаардлагыг улам бататгаж байна” хэмээн Кадье хэлэв.
Архивын өгөгдөл шинэ нээлт авчирлаа
Судлаачид шинэ ажиглалт хийхийн оронд TESS, HARPS, ESPRESSO, JWST-ийн одоо байгаа өгөгдлийг ашиглажээ.
Тэд IREx-д боловсруулсан шугам тус бүрээр тооцоолох радиаль хурдны арга болон шинэ температурын үзүүлэлт зэрэг нарийвчилсан аргачлалуудыг хэрэглэсэн байна.
Эдгээр арга нь одны үйл ажиллагаанаас үүдэх “дуу чимээ”-г шүүх боломж олгосон бөгөөд JWST-ийн шилжилтийн мэдээлэлтэй хослуулснаар гаригуудын хэмжээ, массын тооцоог хоёр дахин сайжруулжээ.
“Бид эдгээр аргачлалыг архивын өгөгдөл дэх нуугдмал боломжийг ил гаргахын тулд хөгжүүлсэн. Энэ нь шинжилгээний арга хэрэгслийг сайжруулах нь хуучин өгөгдлөөр ч шинэ нээлт хийх боломж олгодгийг харуулж байна” хэмээн хамтран зохиогч Этьен Артиго тайлбарлав.
Цаашдын судалгаа
L 98-59 систем нь одоо Дэлхийд ойр байрлах хадат гаригуудын судалгаанд хамгийн ирээдүйтэй бүсийн нэгт тооцогдож байна. Янз бүрийн найрлага, жижиг оддыг тойрсон ойрхон тойрог зам нь JWST-ээр агаар мандлын нарийвчилсан судалгаа хийхэд төгс тохирно.
IREx-ийн баг аль хэдийн нэмэлт ажиглалтуудаа эхлүүлсэн бөгөөд L 98-59 удахгүй TRAPPIST-1 зэрэг системүүдтэй зэрэгцэн экзопланет судлалын гол тоглогчдын нэг болох төлөвтэй байна.
“Эдгээр шинэ үр дүнгээрээ L 98-59 нь ойр орчмын авсаархан гаригийн системүүдийн онцгой бүлэгт нэгдэж байна. Бид дараагийн жилүүдэд тэдгээрийг илүү гүнзгий ойлгохыг зорьж байгаа” хэмээн хамтран зохиогч Александрин Л’Хёро хэлэв.
“Жижиг улаан оддыг тойрсон гаригуудын үүсэл, мөн чанарыг тайлах манай эрэлд энэ систем TRAPPIST-1-ийн зэрэгцээ байр суурь эзэлж буйг харах үнэхээр сонирхолтой байна.”
Энэхүү судалгаа нь “The Astronomical Journal” сэтгүүлд нийтлэгдсэн байна.
Эх сурвалж: www.earth.com