Кодак хаагдахгүй гэдгээ мэдэгдлээ
Дэлхийн хамгийн том кино хальс үйлдвэрлэгчдийн нэг болох Кодак компани хаагдах гэж буй тухай цуурхлыг эрс үгүйсгэлээ. Санхүүгийн тайлангаас үүдэлтэй энэхүү таамаг нь олон нийтийн дунд түгсэн ч, тус компани пүрэв гарагт мэдэгдэл гаргаж “Энэ бол үндэслэлгүй, хэтрүүлсэн мэдээлэл” хэмээн онцлов.
Даваа гарагт нийтэлсэн тайланд компани “арван хоёр сарын дотор төлөх өртэй” бөгөөд “төлбөрийн хугацаа ирэхэд хангалттай хөрвөх чадваргүй” гэж дурдсан нь дампууралд ойртсон гэсэн ойлголт төрүүлжээ. Үүнд 477 сая ам.долларын хугацаатай өр, 100 сая ам.долларын давуу эрхтэй хувьцаа багтдаг байна.
Кодак өрийн дарамтаа бууруулахын тулд ажилчдынхаа тэтгэврийн сангийн хөрөнгийг зарж борлуулах төлөвлөгөө хэрэгжүүлж байгаа. Өнгөрсөн арваннэгдүгээр сард зарласан энэхүү төлөвлөгөө нь нийт 764.4 сая ам.долларын хөрөнгөтэй бөгөөд Wall Street Journal-ын мэдээлснээр, үүний борлуулалт нь компанид 585 сая ам.долларын бэлэн мөнгө авчирч, өр төлбөрөө дарахаас гадна бизнесээ өргөжүүлэх боломж олгоно.
Шинэчилсэн мэдээлэлд дурдсанаар, 2025 оны 12-р сар гэхэд тэтгэврийн сангийн бүх үүргийг биелүүлсний дараа ойролцоогоор 500 сая ам.долларын хөрөнгө хүлээн авах бөгөөд үүнээс 300 сая нь бэлэн мөнгө, үлдсэн нь хөрөнгө оруулалтын багц хэлбэртэй байна. Бэлэн мөнгөний гол хэсгийг хугацаатай өр төлөхөд ашиглах бол үлдсэн 177 сая ам.долларын өр болон 100 сая ам.долларын давуу эрхтэй хувьцааг шийдвэрлэхээр төлөвлөжээ.
“Бид өр болон давуу эрхтэй хувьцаагаа хугацаанд нь төлөх, сунгах эсвэл дахин санхүүжүүлэх бүрэн итгэлтэй байна. Мөн үйл ажиллагаагаа зогсоох, бизнесээ хаах, дампуурлаа зарлах ямар ч төлөвлөгөө байхгүй” гэж Кодак онцолсон юм.
Кино сонирхогчдын хувьд энэ бол сайн мэдээ. Учир нь Кодак нь кино үйлдвэрлэлийн салбарт хальс нийлүүлэгчдийн тэргүүлэх байр сууриа хадгалсаар байгаа бөгөөд үүнээс гадна олон төрлийн камер, дижитал үйлчилгээ үзүүлж байна.
Эх сурвалж:
Kodak Says Reports of Its Eminent Demise Are Greatly Exaggerated
The film company say it’s not out of the game yet.