Google-ийн шинэ орчуулгын технологи: Бодит цагийн орчуулга бодит байдал болж байна
Google Translate гарснаас хойш олон компаниуд тэр дундаа Samsung, Apple зэрэг технологийн аваргууд бодит цагийн ярианы орчуулгыг амлаж ирсэн. Гэвч өнөөг хүртэл энэ ирээдүй бүрэн бодит болоогүй байсан юм. Орчуулгын аппликейшнүүд текст болон яриаг өндөр нарийвчлалтай хөрвүүлэх чадвартай болсон ч, бодит ярианы хурд, хэмнэлийг ягштал гүйцэх нь амаргүй хэвээр байлаа.
Гэхдээ Google-ийн энэ жилийн Pixel 10 танилцуулгын үеэр гаргасан шинэ орчуулгын функц энэ ойлголтыг өөрчилж мэдэхээр байна. Тус функц нь таны яриаг бодит цагт орчуулж зогсохгүй, таны дуу хоолойг өөр хэлээр дуурайлган гаргадаг онцлогтой. Ингэснээр таныг эсрэг талын хүн өөрийнх нь хэлээр шууд ярьж байгаа мэт сонсох боломжтой болж байгаа юм. Мөн энэ боломж хоёр талдаа ажилладаг тул ярилцагчийн дуу хоолойг ч мөн бодит цагт орчуулан, дуурайлгаж гаргаж өгнө.
Шинэ технологийн хүчийг Gizmodo-ийн ахлах редактор Рэймонд Вонг шууд дамжуулан үзүүлжээ. Тэрээр Жимми Фаллоны дуу хоолойг испани хэл рүү хөрвүүлж, яг үнэндээ Fallon өөрөө испаниар ярьж байгаа мэт тун бодитой сонсогдож байсныг туршиж үзсэн байна. Энэ нь орчуулгын технологид гарсан чимээгүй хэрнээ асар том өөрчлөлт байлаа.
Wow, Jimmy Fallon's voice was translated—deepfaked—into Spanish on Pixel 10… and it worked fast and accurately. Even getting inflections correct. This is the quiet game-changing AI feature… translations pic.twitter.com/SAXeowCXpE
— Ray Wong (@raywongy) August 20, 2025
Энэхүү функцийн гол зэвсэг нь Google-ийн Gemini Nano хиймэл оюун загвар болон Pixel 10-ийн Tensor G5 чип. Хамгийн чухал нь, бүх орчуулга болон дуу хоолойн боловсруулалт нь төхөөрөмж дээрээ явагддаг тул хэрэглэгчийн дуудлага зэрэг хувийн мэдээлэл үүлэн серверт хадгалагдахгүй. Энэ нь хэрэглэгчийн нууцлалын баталгааг эрс нэмэгдүүлж байгаа юм.
Google-ийн орчуулгын шинэ функц нь бодит цагийн орчуулгын технологийн хувьд бүрэн төгс шийдэл гэж хэлэхэд арай эрт байгаа ч, ухаалаг утасны орчуулгын салбарт гарсан томоохон дэвшил хэмээн дүгнэж болно. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн Pixel 10-ийн танилцуулга нь миний хувьд ч бас хүлээлтээс давсан амжилттай шинэчлэлт болж чадлаа.
Эх сурвалж: