АНУ-ын Хөдөлмөрийн яам Хөдөлмөрийн өдрийг тохиолдуулан Америкийн ажилчдын амжилт, хувь нэмэр, золиослолыг онцолсон блог нийтэлжээ. “Хөдөлмөрийн өдөр бид ирээдүй үеийнхэнд Америкийн мөрөөдлийг дамжуулан өгсөн ажилчдын амжилт, хувь нэмэр, золиослолыг хүндэтгэн тэмдэглэдэг” хэмээн нийтлэлд дурдсан байна.
Гэвч уг нийтлэлд ашигласан зураг маргаан дагууллаа. Анх нийтэлсэн зураг нь гагнуурчин ажиллаж буй мэт харагдсан ч, The Daily Beast-ийн мэдээлснээр энэ нь Adobe-ийн хиймэл оюун ухаанаар бүтээсэн зураг байжээ. Зургийг “Америкийн гагнуурчин ажиллаж байна: Эх оронч үзэл, металл боловсруулалтын салбар” гэж тайлбарласан байна.
Удалгүй уг зургийг бодит ажилчны зураг болгон сольсон ч, Wayback Machine-д хиймэл зурган хувилбар нь хадгалагдан үлдсэн хэвээр байна. Энэ нь Трампын засаг захиргаа Америкийн ажилчдыг үнэлдэг эсэхэд эргэлзээ төрүүлж, мөн хиймэл оюун ухаан ба автоматжуулалт ажлын байрыг орлох эрсдэлийг дахин анхааралд оруулж байна.
Gizmodo сайтынхан уг асуудлаар Хөдөлмөрийн яамнаас тайлбар авахаар оролдсон бөгөөд хариу өгмөгц нийтлэлээ шинэчлэхээ мэдэгджээ. Трамп Америкийн ажилчдыг үргэлж дэмждэгээ илэрхийлдэг ч, бодит байдал дээр корпорацийн ашиг сонирхлыг хамгаалж, ажилчдад ашигтай бодлогоос илүү тэднийг хохироох алхмууд хийдэг гэж шүүмжлэгчид үзэж байна.
Тэрээр АНУ-ыг ажилчдаа нэгдүгээрт тавьсан “Алтан үе”-д хүргэнэ гэж амласан ч, эдийн засгийн өсөлт бодит байдлаас илүү хиймэл зургаар илэрхийлэгдсэн амлалтад төстэй байж магадгүй юм.
Эх сурвалж: