Камер биш, долгион: Шинэ үеийн таних систем
Wi-Fi нь интернетэд холбогдох хэрэгсэл байхаа больж, хүний биометрик мэдээлэл таних хүчирхэг хэрэгсэл болж байна. Ромын Сапиенза их сургуулийн судлаачид “WhoFi” нэртэй системийг боловсруулж, хүний биеийн радио долгионы өөрчлөлтийг ашиглан 95.5 хувийн нарийвчлалтай таних боломжтойг тогтоожээ.
Тус систем нь камерын оронд Wi-Fi сүлжээний Channel State Information (CSI) буюу радио долгионы өөрчлөлтийн мэдээлэлд тулгуурлан ажилладаг. Харанхуйд ч ажиллах чадвартай энэ технологи нь гэр ахуйн жирийн чиглүүлэгч дээр суурилдаг.
Систем хэрхэн ажилладаг вэ?
WhoFi нь таны алхах байдал, хөдөлгөөний хэмнэл зэргийг Wi-Fi долгионы тусламжтайгаар “биометрийн хурууны хээ” болгон хувиргадаг. Судлаачид энэхүү технологийг NTU-Fi Human ID хэмээх 14 хүний алхалтын мэдээлэл бүхий өгөгдлийн санд туршиж, 88.4 хувийн дундаж нарийвчлалтай ажилласан болохыг тогтоожээ.
Энгийн TP-Link N750 чиглүүлэгчийг ашиглан, 114 дэд зөөгчийн дамжуулсан мэдээллийг бичиж авсан бөгөөд үүний тусламжтайгаар CSI сигналд суурилсан энкодерийн тусламжтай тухайн хүнийг таних боломжтой болсон байна.
Камергүйгээр хүнийг танихын давуу тал
Камер ашиглахгүйгээр хүнийг танина гэдэг нь зөвхөн хувийн нууцад ээлтэй байхаас гадна, хувцасны өөрчлөлт, гэрэлтүүлгийн нөхцөлд өртөхгүй гэсэн үг. Радио долгион нь хана, саадыг нэвтрэх чадвартай бөгөөд гэр, оффис зэрэг орчинд нэмэлт төхөөрөмж шаардалгүйгээр ажиллах боломжтой.
Аюулгүй байдал ба нууцлалын асуудал
Технологийн үр дүн сэтгэл хөдөлгөм хэдий ч хэрэглээндээ нягт анхаарах шаардлагатай. Дэлгүүрүүд болон байгууллагууд хэрэглэгчдийг зөвшөөрөлгүйгээр танихад ашиглавал эрх зүйн болон ёс зүйн асуудал үүснэ. Судлаачид энэ төрлийн системийг ашиглахад шинэ хуулийн зохицуулалт зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.
Боломжит хэрэглээнүүд
- Эмнэлэгт: Уналт илрүүлэх, хяналтын зорилгоор харанхуй өрөөнд ашиглаж болно
- Аж үйлдвэрт: Камер хэрэглэх боломжгүй бүсэд аюулгүй байдлын хяналтад ашиглаж болно
- Ухаалаг гэр: CSI мэдээлэлд тулгуурласан хөдөлгөөн мэдрэгчийн үр ашгийг нэмэгдүүлж болно
WhoFi баг энэхүү системийг академик зорилгоор хөгжүүлж, алхам бүрээ нээлттэй баримтжуулсан байна. Гэхдээ илүү олон хүн, бодит орчинд урт хугацаанд турших шаардлага бий.
Эх сурвалж: Earth.com