B-2 Spirit: АНУ-ын Нисэх хүчний нууцлаг онгоцны онцлог
B-2 Spirit бол АНУ-ын Нисэх хүчний бүтээсэн хамгийн дэвшилтэт, онцгой бөмбөгдөгч онгоцны нэг юм. Нууцлалын технологиор бүтээгдсэн хоёр дахь онгоц бөгөөд стратегийн зориулалттай анхны “стелт” буюу радард бараг өртдөггүй бөмбөгдөгч юм. Эхэндээ бороотой үед нисэх боломжгүй байснаас хөгжүүлэлтийн явцад олон асуудлыг даван туулжээ. Асар өндөр өртөгтэй байсан тул АНУ ердөө 21 ширхэгийг үйлдвэрлээд, төсөл нь зогссон.
Гэсэн ч энэ онгоц B-21 Raider шинэ загвараар солигдох хүртэл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа. Агаарт цэнэглэгддэг учир дэлхийн аль ч өнцөг рүү нисэн, бөмбөг хаях боломжтой юм. Одоогоор АНУ-ын бүх B-2 онгоцнууд Миссури мужийн Whiteman агаарын бааз дээр байрлаж, 509-р бөмбөгдөгч жигүүрт хамаардаг байдаг.
B-2 онгоцнуудыг жирийн ангаруудад хадгалах боломжгүй байдаг. Учир нь тэдний гадаргууг бүрхсэн радарын долгион шингээдэг тусгай материал нь дулаан, чийг, тоосонд маш эмзэг учраас зөвхөн тусгай уур амьсгал хянадаг ангаруудад хадгалах шаардлагатай байдаг байна. Хэрэв эдгээр онгоцуудыг өөр газар байрлуулах шаардлага гарвал тусгай хамгаалалтын байр газар дээр нь байгуулдаг ажээ.
B-2 Spirit-ын онцгой хадгалах шаардлага

B-2 онгоцнууд Миссури мужийн Whiteman агаарын баазад тусгай ангаруудад хадгалагддаг ч, шаардлагатай тохиолдолд дэлхийн өөр бүс нутагт байрлуулахад зориулагдсан зөөврийн хамгаалалтын ангарууд ч бий. Эхэндээ эдгээрийг B-2 Shelter Program гэж нэрлэдэг байсан бол одоо B-2 Shelter System (B2SS) буюу Extra Large Deployable Aircraft Hangar Systems (XLDAHS) хэмээн нэрлэж байна.
Эдгээр зөөврийн ангар нь 76 метр өргөн, 18 метр өндөр, 79 тонн жинтэй бөгөөд агаараар тээвэрлэж болохуйц байдлаар бүтээгдсэн. Нэг ангарын өртөг ойролцоогоор 2–2.5 сая ам.доллар ($2–2.5 сая ≈ 6.8–8.5 тэрбум төгрөг) бөгөөд бат бөх, угсрах болон засварлахад хялбар, ямар ч бүс нутагт ашиглах боломжтой. Ийм ангаруудын тусламжтайгаар B-2 онгоцыг зорилтот бүсийн ойролцоо байршуулж, Миссури мужаас Афганистан руу 44 цагийн нислэг хийх шаардлагыг багасгаж чаддаг.
Эдгээр ангаруудыг стратегийн ач холбогдолтой аюулгүй бүс нутагт — жишээлбэл, Энэтхэгийн далайд орших Диего Гарсиа арал дээр байрлуулсан. Энгийн ангарууд нь B-2 онгоцыг байнгын бэлэн байдалд хадгалахад шаардлагатай уур амьсгалын хяналтыг хангаж чаддаггүй учраас ийм тусгай шийдэл шаардлагатай юм.
B-21 Raider-д зориулсан шинэ үеийн ангарууд
Ирээдүйн шинэ бөмбөгдөгч болох B-21 Raider онгоц нь B-2-той харьцуулахад илүү хөнгөн, уур амьсгалын хяналт шаарддаггүй бүтэцтэй. Энэ онгоцны хувьд Калифорни дахь Edwards агаарын баазад 30 метр урт, 67 метр өргөн, 18 метр өндөртэй шинэ ангаруудыг барьж ашиглаж байгаа. Харин B-2 онгоц нь 52 метрийн далавч, 21 метрийн урт, 5 метрийн өндөртэй бөгөөд маш нарийн хяналт бүхий нөхцөлд хадгалагдах шаардлагатай хэвээр байна.
Иймээс АНУ-ын зэвсэгт хүчин Гуам дахь Andersen агаарын бааз зэрэг цөөн газарт B-2 болон бусад том онгоцнуудыг аюулгүй хадгалах зориулалттай, тусгай уур амьсгалын хяналт бүхий ангаруудыг ашиглаж байна.
Эх сурвалж: slashgear.com


