Элеонорын гайхамшиг: Скарлетт Йоханссоны анхны найруулагчийн бүтээл
Скарлетт Йоханссон “Eleanor the Great” уран сайхны киногоор найруулагчийнхаа замналыг албан ёсоор эхлүүлж байна. Энэхүү кино нь Холокостын амьд үлдсэн хүний дурсамжийг өөрийн болгосон, өндөр настай эмэгтэйн сэтгэл хөдөлгөм түүхийг өгүүлдэг бөгөөд Йоханссон өмнө нь бүтээж байгаагүй өөр төрлийн дүртэй нүүр тулжээ. Тэрээр энэ төслийг маш гүн сэтгэлээр хүлээн авсан бөгөөд “Би энэ дүрийг өөрөө бүтээх байсан” хэмээн онцолсон байна.
Sony Pictures Classics-ийн бүтээл болсон “Eleanor the Great” кинонд 95 настай жүжигчин Жун Сквибб гол дүрийг бүтээжээ. Сквибб өмнө нь “Nebraska” кинонд туслах дүрээр Оскарт нэр дэвшиж байсан бол энэ удаад гол дүрд тоглож, Каннын кино наадамд анх танилцуулагдсаны дараа 9-р сарын 8-нд Торонто кино наадамд Хойд Америкийн нээлтээ хийх гэж байна.
Йоханссон энэ киног хийх санаагаа Marvel-ийн “Black Widow” киноны гэрээний маргаанаас үүдэн Disney-тэй зөрчилдсөн үеэр олсон гэж ярьжээ. Гэсэн ч тэрээр уг бүтээлийг бизнесийн өшөө авах зорилгоор биш, дүрүүдийн сэтгэлзүйг илүү гүнзгий харуулсан кино хийх чин хүслээс үүдэлтэй байсан гэдгийг онцолсон байна. “Энэ бол бизнесийн асуудал байсан, одоо бүгд шийдэгдсэн. Харин энэ кино бол зүгээр л нарийн төвөгтэй дүрүүдийг харуулах гэсэн хүсэл” хэмээн тайлбарлажээ.
“Eleanor the Great” кино нь ахмад эмэгтэйчүүдийг гол дүрд гаргаснаараа Холливудын нийтлэг хандлагыг өөрчилж буй томоохон алхам юм. Гэсэн ч Йоханссон энэхүү бүтээлээ заавал нийгэмд мессеж хүргэх зорилготой хийгээгүй хэмээн тодотгосон. “Бүх кино заавал сургаальтай байх албагүй. Хэн нэгний амьдралд цаг гаруй хамт байх нь л хангалттай” гэж тэр хэлсэн байна.
Жун Сквибб олон жилийн турш энэ төрлийн дүрд тоглохыг хүсч ирсэн бөгөөд “Eleanor the Great” түүнд гэрэл, сүүдэр хосолсон тансаг дүрийн орон зайг олгосон ажээ.
Эх сурвалж: Variety