Анж Постекоглу: Би Ноттингем Форест-д түүхэн амжилт гаргана
Анж Постекоглу Ноттингем Форест клубийн шинэ менежерийн хувиар өөрийгөө танилцуулахдаа ирээдүйд амжилтад хүрэх итгэл дүүрэн байгаагаа илэрхийлж, Брайн Клафтай өөрийгөө харьцуулахыг хүсэхгүй байгаагаа хэллээ.
Брайн Клаф Форестийг 1978 онд Английн лигийн аварга болгож, дараа нь 1979, 1980 онуудад Европын цомд дараалан түрүүлж, клубийн түүхэнд хэзээ ч мартагдахгүй гавьяа байгуулсан билээ. Тиймээс Форестийн шинэ дасгалжуулагч бүр Клафын тухай асуултад зайлшгүй хариулах болдог.
“Брайн Клафтай намайг харьцуулж болохгүй. Тэр бол өөрийнхөөрөө замнасан домог. Харин би бол хөлбөмбөгийн сурагч. Тэр хүний гаргасан амжилт хэн ч хүлээдэггүй зүйл байсан. Энэ бол өөр зүйл” хэмээн Постекоглу ярьжээ.
Writing a new history together. ❤️ pic.twitter.com/FsaVRQuhQJ
— Nottingham Forest (@NFFC) September 11, 2025
Би энд ялалт байгуулна
Өмнө нь Тоттенхэмд ажиллаж байхдаа “хоёр дахь улиралдаа үргэлж ялалт байгуулдаг” хэмээн хошигнож байсан Постекоглу Спурсийг Европын лигт оруулж, үгнээ хүрсэн.
Ноттингем Форестийн ирээдүйн талаар түүнээс асуухад тэрээр:
“Би хаана ч ажилласан ялж ирсэн. Энд ч ялна. Клуб болгон амжилтыг хүсдэг, гэвч энэ хүсэл зорилго үнэхээр бодит ажил болдог уу гэдэг л чухал. Үүнийг би өөрөөр харуулна.” гэж хариулсан юм.
Тэрээр мөн, “Хөлбөмбөг бол дэмжигчдэд баяр баясал өгөх тухай. Би ялалт байгуулна, гэхдээ хүмүүс үргэлж эргэлзэнэ. Би зүгээр л мөрөөдлөө биелүүлэхийн тулд хийх ёстой зүйлээ хийхийг хүсэж байна” хэмээн ярьсан байна.
Миний тактик үр дүнтэй
Постекоглу довтолгоонд суурилсан философиосоо ухрахгүй гэдгээ онцолсон. Өнгөрсөн улиралд Тоттенхэм Премьер лигт тавдугаар байрт бичигдсэн ч, түүний тоглолтын хэв маягийг шүүмжлэгчид үр дүнгүй хэмээн дүгнэж байсан.
“Спурсийн эхний жилдээ бид тавдугаар байр эзэлсэн. Өөр олон улиралд энэ нь Аваргуудын лигийн эрхийн оноо байсан. Бид эрч хүчтэй, зоримог тоглосон. Энэ бол амжилт. Би өөрийн зарчмаасаа хэзээ ч ухрахгүй” гэж Постекоглу хариулсан юм.
Форестийн фенүүдэд сэтгэл хөдөлгөм цаг үе ирж байна
Постекоглугийн өмнөх менежер Нуну Эспирито Санто Форестийг өнгөрсөн улиралд долдугаар байрт оруулж, Европын лигийн эрх авч чадсан. Энэ нь клубт сүүлийн жилүүдэд үзэгдээгүй амжилт байв.
Постекоглу:
“Фенүүд энэ багийн ард баттай зогсож, бидний хүрч чадах өндөрлөгийг хүлээж авах болно гэж итгэж байна. Европт дахин эргэн ирсэн нь бидний хувьд онцгой боломж юм. Тоглогчид энэ клубийн төлөө тоглох нэр хүнд, үүргээ ухамсарлаж байгаа.”