Британника Перплекситиг шүүхэд өгчээ: Хиймэл оюун ухааны компаниудын зохиогчийн эрхийн зөрчил хурцадсаар байна
Антропик компани саяхан 1.5 тэрбум ам.долларын зохиогчийн эрхийн тохиролцоонд хүрсэн нь хэвлэн нийтлэгчдэд хиймэл оюун ухаан ашигладаг компаниудыг шүүхэд өгөх боломжийг улам нээж байна.
Энэ долоо хоногт Британника групп, Энциклопедиа Британника болон Мерриам-Вебстер толь бичгийн эцэг компани Нью-Йоркийн холбооны шүүхэд хиймэл оюун ухааны Перплексити нэртэй стартап компанийн эсрэг гомдол гаргасан байна. Тэд Перплексити-г зохиогчийн эрх болон барааны тэмдгийн хуулийг зөрчиж, зөвшөөрөлгүйгээр контентыг нь ашигласан бөгөөд хариултын систем нь тус компанийн орлогод сөргөөр нөлөөлж байна гэж буруутгажээ.
2022 онд байгуулагдсан Перплексити нь өөрсдийгөө “Мэдээлэл хайх, сонирхлыг өдөөх хиймэл оюун ухаантай Швейцарийн армийн хутга” хэмээн тодорхойлсон. Энэ компани өнгөрсөн 8-р сард Google Chrome-г 34.5 тэрбум ам.доллараар худалдан авах санал гаргаснаар олон нийтийн анхаарлыг татсан юм.
Хэрэглэгчийн асуултад хурдан, товч хариу хүргэдэг Перплекситигийн хариултын систем нь вэбээс мэдээлэл хусаж, хураангуй тайлбар хүргэдэг. Харин Британникагийн зүгээс эдгээр тайлбар нь тэдний контентыг шууд хуулбарлаж, хэрэглэгчдийг өөрсдийн сайт руу орж унших боломжийг хааж байгаа гэж үзэж байна.
“Перплексити өөрийгөө дэлхийн анхны хариултын систем гэж нэрлэдэг ч хэрэглэгчдэд өгч буй хариултууд нь ихэвчлэн Британникагийн бүтээл байдаг” хэмээн Британника группын гүйцэтгэх захирал Хорхе Кауз онцолжээ.
Хууль эрх зүйн өмнөх түүх
Перплексити нь өмнө нь ч зохиогчийн эрхийн маргаанд орж байв. Өнгөрсөн жил До Жонс компанийн эзэмшдэг The Wall Street Journal болон New York Post зэрэг хэвлэлүүд тэднийг бүтээлээ хууль бусаар ашигласан хэмээн зарга мэдүүлж байжээ.
Харин энэхүү шинэ нэхэмжлэл нь Антропик компани “Claude” хиймэл оюун ухааны чатботыг сургахдаа хууль бусаар сая сая ном ашигласан хэргээр 1.5 тэрбум ам.доллар төлөхөөр болсон даруйд гарч байгаа нь анхаарал татаж байна. Энэ нь зохиогчийн эрхийн нэхэмжлэл томоохон төлбөрт хүрэх боломжтойг харуулж байгаа юм.
Хэвлэн нийтлэгчдийн дарамт нэмэгдсээр
ChatGPT, Claude зэрэг хэлний загвар бүхий хиймэл оюун ухааны хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хэвлэн нийтлэгчид контентоо ашиглуулсны төлөө технологийн компаниудаас нөхөн төлбөр шаардах болжээ. Эдгээр компаниуд вэбсайт, сонин, сэтгүүл, ном зэрэг ихэнхдээ зохиогчийн эрхтэй эх сурвалжийг ашиглан хиймэл оюун ухаан сургадаг.
Жишээ нь, OpenAI нь The New York Times-ийн гаргасан нэхэмжлэлийн эсрэг шүүхэд тэмцэж байгаа ч News Corp, Reddit зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагуудтай лицензийн гэрээ байгуулан маргаанаас зайлсхийхийг хичээж байна. Түүнчлэн Перплексити 8-р сард мэдээний нийтлэл ашигласныхаа орлогын тодорхой хувийг хэвлэн нийтлэгчдэд хуваарилна гэж мэдэгдсэн.
Британникагийн гол шаардлага
Британникагийн гомдолд дурдсанаар Перплексити:
- Тэдний вэбсайтыг crawl хийж, зөвшөөрөлгүйгээр нийтлэл хуулбарласан
- Хуурамч, хиймэл оюун ухаанаар үүсгэсэн хариултыг Британникагийн нэрээр тараасан
- Брэндийн нэр хүндийг сулруулсан
гэх зэрэг үндэслэлээр зохиогчийн эрх болон барааны тэмдгийн хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Мөн Британника нь контент бүтээхэд оруулсан хөрөнгө оруулалтаа зар сурталчилгаа болон захиалгаар нөхдөг бол, Перплексити тэдний ачаар хэрэглэгч татан, үнэ төлбөргүй ашиг олж буйг шүүмжилж байна.
Британника тодорхойгүй мөнгөн нөхөн төлбөр шаардаж, цаашид тэдний контентыг ашиглахыг хориглох шүүхийн шийдвэр гаргуулахаар оролдож байна.
Перплексити одоогоор Gizmodo-гийн тайлбар хүсэлтэд хариу өгөөгүй байна.
Эх сурвалж: gizmodo.com