Тулааны онгоцны өрсөлдөөн: F-16 Fighting Falcon ба түүний өрсөлдөгчид
1970-аад оны үед байлдааны онгоцууд хүнд жинтэй, хөдөлгөөн багатай болж, агаарын тулаанд ялалт байгуулах чадвараа алдсан нь шинэ шийдэл шаардах нөхцөл бүрдүүлсэн юм. Үүний хариуд General Dynamics (одоогийн Lockheed Martin) компани хөнгөн, өндөр маневрлах чадвартай F-16 Fighting Falcon онгоцыг бүтээсэн нь нисэх хүчний шинэ эрин үеийг эхлүүлжээ.
F-16 нь далавч-хөлгийн оновчтой бүтэцтэй, дэвшилтэт нислэгийн удирдлагын систем, аюулгүй хаягдах суудал бүхий бүрэн тоноглогдсон байв. Хоёр дахин дуунаас хурдан нисэх чадвартай, гэнэтийн дайралт хийхэд тохиромжтой энэ онгоцыг “Viper” буюу “Хорт могой” хэмээн хочлох болсон нь ч учиртай. Цаг хугацааны явцад F-16 нь зөвхөн агаарын тулаанд бус, газар дээрх дайралт, ойрын дэмжлэг үзүүлэх зэрэг олон үүрэг гүйцэтгэх чадвартай болсон бөгөөд харьцангуй хямд өртгөөрөө олон улсын зах зээлд түгэн тархжээ. Өнөөдрийн байдлаар дэлхийн 20 гаруй орон нийт 4,500 гаруй ширхэгийг ашиглаж байна.
Гэсэн ч нисэх хүчний технологи тасралтгүй хөгжиж, шинэ үеийн онгоцууд зах зээлд хүч түрэн орж ирснээр F-16 хүчтэй өрсөлдөгчидтэй нүүр тулах болсон. Ийм өрсөлдөгчдийг тодорхойлохдоо хөнгөн жин, өндөр хурд, дээд зэргийн маневрлах чадвар, олон үүрэг гүйцэтгэх боломж, орчин үеийн электроник систем, зэвсэглэл зэргийг гол үзүүлэлт болгон харьцуулна.
F-16 ихэвчлэн АНУ-ын бусад онгоцтой тулгарна гэж үздэг ч геополитикийн өөрчлөлт, олон улсын харилцааны нөхцөл байдлаас хамааран гадаадын шинэ үеийн сөнөөгч онгоцууд илүү их анхаарал татаж байна.
Eurofighter Typhoon

F-16 Fighting Falcon-той өрсөлдөхүйц хамгийн шилдэг онгоцуудын нэг бол Eurofighter Typhoon юм. Олон үүрэг гүйцэтгэх чадвар, маневрлах өндөр боломж нь Typhoon-ыг агаарын тулаанд онцгой байр суурьтай болгожээ. Их бие нь нүүрстөрөгчийн шилэн материалаар хийгдсэн учир радарын илрүүлэх магадлалыг бууруулдаг. Delta-wing далавч бүхий загвар, урд канард хэсэг нь нислэгийн үед гайхалтай тогтвортой байдлыг хангаж, өндөр маневрлал үзүүлэх боломжтой болгодог.
Typhoon нь хоёр хөдөлгүүртэй, Mach 2.35 хүртэл хурдалдаг бол F-16 нэг хөдөлгүүртэй, Mach 2+ хурдтай. Зэвсгийн хувьд Typhoon нь 13 байрлалтай, харин F-16 нь 9 байрлалтай ба хоёулаа агаар-агаар болон агаар-газар тулаанд зориулагдсан орчин үеийн зэвсэглэлээр тоноглогдсон. Гэхдээ F-16-ийн M61 Vulcan их буу минутанд 6,000 удаа буудах чадвартай бол Typhoon-ы Mauser BK-27 их буу 1,600 удаа бууддаг.
Typhoon нь илүү дэвшилтэт технологитой боловч ашиглалт, засвар үйлчилгээний хувьд илүү төвөгтэйд тооцогддог. Мөн F-16-тай харьцуулахад хамаагүй өндөр өртөгтэй, зарим хувилбарууд нь Typhoon-оос дөрөв дахин хямд байдаг. Энэ нь олон улс F-16-ийг сонгох шалтгаануудын нэг юм.
Сүүлийн жилүүдэд Украйны нисгэгч Sky News сувагт өгсөн ярилцлагадаа, Оросын эсрэг агаарын хүчний ажиллагаанд F-16-ийг илүү оновчтой сонголт гэж үзсэн байна. Учир нь эд анги, зэвсгийн нийлүүлэлтийн сүлжээ, ашиглалтын дэд бүтэц илүү өргөн, үр ашигтай гэнэ. Гэсэн ч Eurofighter Typhoon нь өндөр түвшний онгоц хэвээрээ байгаа бөгөөд олон улсын түвшинд хүчирхэг өрсөлдөгч хэвээр байна.
Su-57 Felon

Оросын Sukhoi компанийн бүтээсэн Su-57 Felon нь тавдугаар үеийн нууцлалын онцлогтой, өндөр маневрлах чадвартай сөнөөгч онгоц гэж сурталчлагддаг. Хөдөлгүүрийн векторчлолын технологи нь онгоцыг огцом эргэлт, хурдан маневрт чадамжтай болгож, Mach 2 хүртэл хурдалж чаддаг. Мөн 60,000 фут хүртэл нислэгийн таазтай бөгөөд энэ нь F-16-гийн 50,000 футын таазаас илүү өндөр үзүүлэлт юм.
Su-57 нь агаар-агаар болон агаар-газар тулаанд зориулсан өргөн сонголттой зэвсэглэлтэй. Үүнд радар удирдлагатай болон дулаан мэдрэгчтэй пуужин, удирдлагатай бөмбөг, кластер зэвсэг, мөн Украинд сүүлийн жилүүдэд ашиглагдаж буй Kh-69 далавчит пуужин багтдаг. Онолын хувьд түүний нууцлалын технологи нь F-16-гаас илүү давуу тал өгөх ёстой.
Гэсэн ч бодит байдал дээр Su-57 олон асуудалтай тулгарсаар байна. Зарим цэргийн шинжээчдийн үзэж байгаагаар, энэхүү онгоцны нууцлалын түвшин нь АНУ-ын тавдугаар үеийн онгоцуудынхаас нэлээд хоцрогдсон бөгөөд энэ нь онолын давуу байдлыг бууруулдаг. Үүнээс гадна хамгийн том хүндрэл нь тоо хэмжээ. 2024 оны сүүлчийн байдлаар ердөө 32 ширхэг үйлдвэрлэгдсэн бөгөөд олон улсын хориг арга хэмжээ угсралтын шугамыг удаашруулсан нь Оросын төлөвлөгөөг хойшлуулжээ.
Энэ шалтгаанаар Москва Украинд Su-57-ийг өргөн ашиглахгүй байгаа бөгөөд цөөн тооны онгоцоо алдахаас болгоомжилж байна. Харин F-16 нь олон арван жил дэлхийн олон улсын хүчний бүрэлдэхүүнд ашиглагдсан, байлдаанд туршигдсан онгоц хэвээр байгаа нь түүний хамгийн том давуу тал юм.
MiG-35 Fulcrum

Оросын Mikoyan компаний хөгжүүлсэн MiG-35 Fulcrum нь F-16 Fighting Falcon-ы шууд өрсөлдөгчөөр нэрлэгддэг. Олон үүрэг гүйцэтгэх чадвартай, орчин үеийн электроник, зэвсэглэлтэй энэ онгоц нь Украинд өрнөж буй байлдаанд НАТО-гийн орнуудаас нийлүүлж буй F-16 онгоцтой нүүр тулах магадлалтай. Үүний улмаас MiG-35 болон F-16-ийн аль нь илүү вэ гэдэг асуулт онолын биш бодит тулааны орчинд шийдэгдэх төлөвтэй байна.
MiG-35 нь 2007 онд нэвтэрсэн ба “дөрөвдүгээр үеийн нэмэлт” онгоц гэж тооцогддог. Энэ нь F-16-гаас том биетэй, хоёр хөдөлгүүртэй тул Mach 2.25 хүртэл хурдалж чаддаг. Том хэмжээтэй тул илүү хүчирхэг радар суурилуулах боломжтой болсон бөгөөд орчин үеийн AESA (идэвхтэй электрон сканнердсан массив) радар бүхий цөөн онгоцны нэг юм. Мөн радарын илрэх чадварыг бууруулсан бүтэц нь агаарын тулаанд давуу байдал олгох зорилготой. Эдгээр нь MiG-35-ыг Оросын хамгийн дэвшилтэт сөнөөгч онгоцны нэг болгож байгаа юм.
Гэсэн хэдий ч MiG-35 бодит байдал дээр олон бэрхшээлтэй тулгарсан. Төлөвлөж байсан тоогоос цөөн онгоц үйлдвэрлэгдэж, экспортын зах зээлд гарахад хүндрэлтэй байсан. Египет, Энэтхэг зэрэг улс анх MiG-35-ыг сонирхож байсан ч сүүлд өөр сонголт руу шилжсэн. Шалтгаан нь гүйцэтгэлийн тухай эргэлзээ, найдвартай байдал болон техникийн засвар үйлчилгээний асуудал байжээ.
MiG-35 нь онолын хувьд F-16-ыг давахуйц хүчин чадалтай мэт боловч бодит байлдаанд хэрхэн гүйцэтгэл үзүүлэх нь хамгийн том шалгуур хэвээр үлдэж байна.
Chengdu J-10C Vigorous Dragon

Хятадын Chengdu J-10C Vigorous Dragon сөнөөгч онгоц нь сүүлийн жилүүдэд олон улсын анхаарлыг татаж, F-16 Fighting Falcon-той өрсөлдөхүйц хөнгөн жингийн олон үүрэг гүйцэтгэх чадвартай онгоцны хувиар нэр хүнд олж эхэлжээ. Тус онгоц 2025 оны Энэтхэг, Пакистаны мөргөлдөөний үеэр амжилттай оролцсон нь Хятадын зэвсгийн экспортыг урагшлуулах гол хөшүүрэг болсон гэж үздэг.
Пакистаны J-10 онгоц нь Энэтхэгийн Dassault Rafale онгоцыг сөнөөж, агаарын цохилтыг тасалдуулсан тухай мэдээлэл гарсан бөгөөд энэ явдал нь Хятадын PL-15 агаар-агаар пуужингийн урт хүрээ, маневрлах чадварын үр нөлөөг баталсан хэрэг болов. Reuters агентлагийн мэдээлснээр, Энэтхэгийн тал J-10C-ийн зэвсгийн хүрээг буруу үнэлсэн нь стратегийн алдаа байж магадгүй гэж дүгнэжээ.
Гадна төрхөөрөө J-10C нь F-16-тай тун төстэй бөгөөд зөвхөн урд талын канард далавч нь ялгардаг. Энэ нь нэг хөдөлгүүртэй, fly-by-wire удирдлагатай, AESA радар болон орчин үеийн олон төрлийн зэвсэглэлтэй. Хөдөлгүүр нь F-16-аас арай илүү хүчтэйд тооцогддог бөгөөд зарим загварт хөдөлгүүрийн векторчлолын систем нэмэгдсэн нь маневрлах чадварыг сайжруулсан.
Шинжээчдийн зарим нь J-10C-ийг F-16-гаас илүү урт хүрээтэй радар, илүү сайн маневрлах чадвартай гэж үздэг. Гэхдээ F-16 бол олон жилийн турш дэлхийн 20 гаруй орны агаарын хүчний бүрэлдэхүүнд хэрэглэгдэж, байлдааны олон театрт шалгагдсан онгоц гэдэг нь хамгийн том давуу тал хэвээр байна.
Dassault Rafale

Францын Dassault Aviation компанийн бүтээсэн Rafale нь олон үүрэг гүйцэтгэх чадвартай, өндөр маневрлах чадвартай сөнөөгч онгоц бөгөөд F-16-тай хамгийн төстэй өрсөлдөгчдийн нэг юм. Олон улсын шинжээчдийн зүгээс “4.5 үеийн” хэмээн тодорхойлдог энэ онгоц нь радарын илрүүлэх чадварыг бууруулсан бүтэцтэй, AESA радар болон өндөр түвшний электрон дайралтын системээр тоноглогдсон. Энэ нь түүнийг зарим талаараа Америкийн F-16-аас илүү болгож мэдэхээр үзүүлэлт юм.
Rafale нь delta-wing загвартай, урд талын канард далавчтай бөгөөд энэ нь Eurofighter Typhoon-той ижил төрлийн бүтэц бөгөөд нислэгийн маневрлалд давуу тал олгодог. Хос хөдөлгүүртэй Rafale нь Mach 1.8 хүртэл хурдалдаг бөгөөд F-16-тай харьцуулахад арай удаан ч илүү тогтвортой, уян хатан ажиллагаатайд тооцогддог. Онгоцонд суурилуулсан AESA радар нь нэгэн зэрэг 40 хүртэлх байг хянах чадвартай бөгөөд SPECTRA нэртэй олон спектрийн электрон дайралтын систем нь довтолгооны илрүүлэлт, сэргийлэлт, эсэргүүцлийн цогц шийдэл болдог.
2025 оны Энэтхэг–Пакистаны мөргөлдөөний үеэр Пакистаны J-10 онгоц Rafale-ийг буудаж унагасан тухай мэдээлэл нь олон ажиглагчдын анхаарлыг татсан. Гэсэн ч Энэтхэг улс Rafale онгоцондоо итгэлтэй хэвээр байгаа бөгөөд одоогийн 36 Rafale-тай флотыг нэмэгдүүлэх зорилгоор шинэ онгоц захиалахаар ажиллаж байна. Түүнчлэн тэнгисийн цэргийн хүчинд зориулан 26 ширхэг Rafale M загварыг авах хэлэлцээр явагдаж байгаа юм.
Rafale-ийн нэг гол давуу тал бол агаарын болон тэнгисийн цэргийн хүчинд ижил төрлийн онгоц ашигласнаар логистик, сургалт болон хамтарсан ажиллагааг илүү хялбар, үр ашигтай болгодог. Энэ нь F-16-тай өрсөлдөх онцлогийг бататгадаг нэг хүчин зүйл болж байна.
Эх сурвалж: slashgear