Эзегийн анхны гоол Арсеналыг ЭФЛ цомын дараагийн шатанд хөтөллөө
Эберечи Эзе Арсеналын төлөө анхны гоолоо оруулж, багтаа ЭФЛ цомын дөрөвдүгээр шатанд шалгарахад нь гол үүрэг гүйцэтгэлээ. Тэрээр энэ гоолоо “Маш онцгой” хэмээн тодорхойлсон юм.
Өнгөрсөн ням гарагт Эзе сэлгээгээр талбайд гарч, Манчестер Ситигийн эсрэг тоглолтын төгсгөлд Габриэл Мартинеллид шийдвэрлэх дамжуулалт өгч, Арсеналыг 1-1-ийн харьцаатай тэнцээний гоолд хүргэсэн билээ.
Харин лхагва гарагт Английн шигшээ багийн довтлогч дахин авьяасаа харуулж, Лигийн Нэгдүгээр дивизионы Порт Вэйл клубтэй хийсэн тоглолтод Арсенал 2-0 гэсэн гоолын харьцаатай ялалт байгууллаа. Тоглолтын найм дахь минутад Майлс Льюис-Скеллигийн дамжуулалтыг Эзе ашиглан гоол оруулсан бол Леандро Троссард сүүлийн дөрвөн минутын өмнө дахин нэг гоол нэмсэн байна. Энэхүү ялалтаар Арсенал дараагийн шатанд Брайтон энд Хоув Альбионыг гэртээ хүлээн авна.
Тоглолтын дараа Эзегээс клубынхээ төлөө хийсэн анхны гоолынх нь тухай асуухад тэрээр:
“Маш онцгой мэдрэмж байлаа. Энэ багийн төлөө гоол хийхийг үнэхээр их хүссэн. Анхны гоол бол хэзээд онцгой шүү дээ” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
Эзе энэ зун Кристал Паласаас 60 сая фунт стерлингийн (£60m буюу 260 тэрбум төгрөг) гэрээгээр Арсеналд нэгдсэн.
Арсеналын дасгалжуулагч Микел Артета түүнийг тоглолтыг ганцаараа шийдэх чадвартай тоглогч хэмээн үнэлж, энэ тоглолтод бүр хэт-трик хийх боломжтой байсан гэж үзэж байна. Эзе 36 дахь минутад хоёр дахь гоол оруулах дөхсөн ч хаалгач Жо Гаучигийн супер хаалтад зогссон юм.
“Бид түүнийг тоглолт шийдэхийн тулд авчирсан. Тэр хоёр гоол ч оруулж чадах байлаа” хэмээн Артета онцолжээ.
Мөн Букэйо Сакаг 63 дахь минутад сэлгээнд гаргасан нь Ньюкастл Юнайтедын эсрэг хийх дараагийн тоглолтод бэлдсэн алхам байв.
“Түүнийг хамгийн ихдээ 60 минут л тоглуулахыг хүссэн. Тэр одоо л гэмтлээсээ бүрэн сэргэж байгаа тул ачааллыг нь болгоомжтой хуваарилах хэрэгтэй” хэмээн Артета тайлбарласан байна.
Эх сурвалж: 101 Great Goals