Та хэтэрхий олон цаг утсаа гүйлгэж өнгөрөөдөг юм биш биз?
Та ганцаараа биш. Америкчууд өдөрт дунджаар 2 цагийг сошиал медиа дээр өнгөрөөдөг бол өсвөр үеийнхэн энэ хугацааг хоёр дахин уртасгадаг. TikTok, Instagram дээр төөрөөд хэдэн цаг өнгөрснийг анзаарахгүй байх нь хэвийн үзэгдэл мэт санагдаж болох ч, тархинд ямар сөрөг өөрчлөлт үүсгэж байдгийг та мэдэх үү?
Сошиал медиа нь тархины шагналын системд нөлөөлж, допаминыг хэт их ялгаруулснаар донтох байдлыг бий болгодог. Үүний үр дүнд улам их цагийг утсан дээрээ өнгөрөөж байж л “Хангалуун” мэдрэмж авдаг болно.
Допамины мөчлөг ба “Тархины ялзрал”
Сошиал медиагаас авдаг “Сайн мэдрэмжүүд” лайк, сэтгэгдэл, хөөрхөн рийл бичлэгүүд бүгд допамин гээч тархины “Аз жаргалын” дааврыг ялгаруулдаг. Гэвч энэ допамины түвшин өссөөр байвал тархи хамгаалах механизм ажиллаж, ялгарлыг багасгаж эхэлдэг. Ингэснээр “Хэвийн” байхын тулд улам олон цаг утсаа гүйлгэх хэрэгтэй болдог.
Мэргэжилтнүүд энэ үзэгдлийг “Допамины дутагдал” гэж нэрлэдэг бөгөөд энэ нь тархины ялзрал гэгдэх сэтгэлзүйн доройтлын нэг хэлбэр болж хувирч болзошгүй.
Сошиал медиа детокс гэж юу вэ?
Сошиал медиагаас тодорхой хугацаанд завсарлага авахыг “detox” гэж нэрлэдэг. Судалгаагаар:
- 3 хоногийн детокс өсвөр насныхны өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, биеийн дүр төрхөөс ичих сэтгэл багасгажээ.
- 2 долоо хоногийн турш өдөрт 30 минутаар хязгаарлах нь стрессийг бууруулж, нойр сайжруулж, амьдралын сэтгэл ханамжийг нэмэгдүүлсэн байна.
Хэцүү нь эхний хэд хоног
Сошиал медиагаа хязгаарлах үед гарч болох шинж тэмдгүүд:
- Түгшүүр, ганцаардал
- “Юунаас хоцров?” гэх айдас
- Гар маань утсаа авах гээд эвгүй байдалд орох мэдрэмж
Эдгээр мэдрэмж нь түр зуурынх бөгөөд 4–5 хоногийн дараа багасаж, хоёр дахь долоо хоногт олонх хүн “үнэндээ хамаагүй амархан байсан” хэмээн мэдэгдсэн байна.
Энгийн, хэрэгжүүлэхүйц зөвлөмжүүд
✅ Утсаа унтлагын өрөөнд оруулахгүй байх
✅ Мэдэгдлийг унтраах
✅ Өдөр бүр тодорхой хугацаанд сошиал хэрэглээг зогсоох
✅ Бусадтай (найз, хамт олон) хамт детокс хийх
✅ Ухаалаг хэрэглээг дахин төлөвлөх: “Би өдөр тутмын ажлаа хийж амжиж байна уу?”, “Сошиал медиа намайг илүү ганцаардуулахгүй байна уу?” гэх асуултыг өөрөөсөө асуух
Сошиал медиатай эрүүл харилцаа үүсгэх нь
Тархи допамины тэнцвэртэй байдалд дуртай. Тиймээс хурдан сэтгэл ханамж өгөх зүйлсийг удаашруулж, оронд нь бүтээлч, анхаарал төвлөрүүлэхүйц үйлдлүүдийг нэмэх хэрэгтэй. Жишээ нь:
- Хөгжим тоглох
- Гэрийн хоол хийх
- Гэр бүлтэй хамт цагийг өнгөрөөх
Бид сошиал медиаг бүрмөсөн зогсоох боломжгүй ч, тодорхой давтамжтайгаар завсарлага авч, хэрэглээгээ эргэн харах нь эрүүл сэтгэлзүйн үндэс болдог.
👉 Та эхний алхмаа өнөөдөр хийж чадах уу?
Эх сурвалж: nationalgeographic