АНУ-ын F-35B сөнөөгч онгоцууд Карибын тэнгист байршин, хар тамхины эсрэг ажиллагаанд оролцож байна
АНУ-ын Батлан хамгаалах яам анх удаа F-35B загварын сөнөөгч онгоцуудыг Пуэрто Рикогийн хуучин Рузвельт Роудс тэнгисийн баазад байршуулсан албан ёсны зургуудыг нийтэллээ. Тус онгоцууд 2025 оны 9-р сарын 13-нд Аризонагийн Тэнгисийн явган цэргийн агаарын баазаас ирсэн бөгөөд Карибын тэнгисийн бүсэд хар тамхины эсрэг хяналт, ажиллагаанд оролцож байна.

Энэхүү байршуулалт нь зөвхөн хар тамхины хууль бус наймааг таслан зогсоох зорилгоос гадна Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро болон түүний холбоотон Аргуагийн хар тамхины бүлэглэлүүдийн эсрэг боломжит цэргийн дарамтыг нэмэгдүүлж буй стратегийн алхам хэмээн шинжээчид үзэж байна. Трампын засаг захиргаа Мадурогийн дэглэмийг хүчтэй эсэргүүцдэг бөгөөд түүнийг баривчлуулахад зориулж 50 сая ам.долларын (ойролцоогоор 172 тэрбум төгрөг) шагнал зарласан хэвээр байна.
Зургуудыг 9-р сарын 13-нд авсан бөгөөд онгоцуудын нэгжийн таних тэмдэг зориуд арилгасан нь ажиллагааны нууцлал, аюулгүй байдлыг хангасан үйлдэл байж болзошгүй. Гэсэн ч зурагны тайлбарт эдгээр онгоцууд Тэнгисийн явган цэргийн 225-р сөнөөгч онгоцны эскадрильд хамаарахыг дурджээ.

F-35B сөнөөгч онгоцууд нь АНУ-ын Карибын тэнгист төвлөрүүлсэн цэргийн хүчний нэгээхэн хэсэг бөгөөд Iwo Jima амфибийн хариу арга хэмжээний бүлэг, 22-р экспедицийн нэгж, Arleigh Burke ангиллын пуужинт устгагч, Ticonderoga ангиллын удирдлагатай хөлөг онгоц, мөн Los Angeles ангиллын цөмийн хөдөлгүүрт шумбагч онгоц зэрэгтэй хамтран ажиллагаа явуулж байна.
Албан ёсны мэдэгдлээр энэ байршуулалт нь хар тамхины эсрэг тэмцэлд чиглэсэн ч зарим албаны хүмүүсийн зүгээс Мадурог огцруулах цэргийн дарамтыг ч үгүйсгэхгүй байна. АНУ 2020 онд Мадурог хар тамхины наймаа болон бусад гэмт хэрэгт буруутгаж, олон улсын түвшинд эрэн сурвалжилж эхэлсэн билээ.

F-35B нь богино зурваст хөөрч, босоо газардалт хийх чадвартай, орчин үеийн хамгийн дэвшилтэт сөнөөгч онгоцны нэг бөгөөд агаарын орон зайд нэвтрэх өндөр чадвараараа хар тамхины бүлэглэлүүдийн гүн дэх байршилд ч цохилт өгөх боломжтой. Гэхдээ ийм ажиллагаа нисгэгчдийг өндөр эрсдэлд оруулах тул аврах ажиллагааг урьдчилан төлөвлөх шаардлагатай. Энэ үүргийг Ocean Trader хөлөг онгоц гүйцэтгэж болох талаар мөн дурдагдаж байна.

Цаашдын нөхцөл байдал хэрхэн өрнөх нь тодорхойгүй ч Карибын тэнгист АНУ-ын цэргийн идэвхжил эрчимжиж, бүс нутгийн хямрал гүнзгийрч эхэллээ.
Эх сурвалж: The War Zone