DJI Пентагоны “Хятадын цэргийн компаниудын” жагсаалтад үлдлээ
Хятадын дрон үйлдвэрлэгч DJI компани АНУ-ын Батлан хамгаалах яамны “Хятадын цэргийн компаниудын жагсаалт”-аас хасагдсангүй. Компанийн талаар цэргийн салбарт оролцдог гэсэн сэжиг олон жилийн турш дагалдаж байгаа бөгөөд АНУ-ын холбооны шүүх энэ удаад Пентагоны шийдвэрийг хүчинтэй гэж үзлээ.
2022 онд Батлан хамгаалах яам DJI-г Хятадын цэргийн компаниудын жагсаалтад оруулсан. Компанийн зүгээс энэ шийдвэрийг эсэргүүцэн шүүхэд хандсан ч, АНУ-ын холбооны шүүх “цэргийн холбоотой гэдгийг нотлох хангалттай баримт байгаа” гэж үзсэн тул шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Шүүхийн баримтад “DJI нь Хятадын төрийн байгууллагуудаас тусламж авсан түүхтэй бөгөөд NETC (Үндэсний аж ахуйн нэгжийн технологийн төв) хөтөлбөрөөр дамжуулан төрийн дэмжлэг авч байгаа гэж үзэх үндэслэлтэй” гэж дурдсан байна. Мөн DJI-ийн дрон болон камерын технологи нь цэргийн болон иргэний хэрэглээнд өргөн ашиглагддаг гэжээ.
Гэсэн хэдий ч энэ шийдвэр DJI компанийн бизнесийн үйл ажиллагаанд шууд хориг тавихгүй бөгөөд тус компани АНУ-ын зах зээлд бүтээгдэхүүнээ худалдаалах эрхтэй хэвээр байна.
DJI-ийн дронууд ба цэргийн хэрэглээтэй холбоотой маргаан

Шүүхийн шийдвэрт DJI-ийн дронуудыг зэвсэгт мөргөлдөөнд тэсрэх бодис тээвэрлэхэд ашигласан “баримт” байгаа гэж дурдсан. DJI компани үүнийг үгүйсгэж, “бид төрийн хяналтанд байдаггүй, цэргийн холбоогүй” хэмээн мэдэгдсэн бөгөөд дронуудыг цэргийн зориулалтаар ашиглахыг хориглосон бодлого хэрэгжүүлж ирснээ онцолжээ.
Гэвч шүүх бодит хэрэглээг үндэслэн DJI-г цэргийн хэрэглээнд оролцсон гэж үзсэн байна. Компанийн зүгээс энэ дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэж байгаа ч шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байна.
Аюулгүй байдлын асуудал ба АНУ-ын хязгаарлалт
DJI дронуудтай холбоотой аюулгүй байдлын анхны асуудал 2017 онд гарч, АНУ-ын Арми DJI дронуудыг ашиглахаа зогсоосноор эхэлсэн. Энэ нь Хятадын компани хэрэглэгчийн мэдээллийг төрийн байгууллагуудтай хуваалцаж магадгүй гэсэн мэдээлэл гарсны дараа болсон юм.
Үүний дараа DJI компанийн зүгээс шууд дамжуулалтыг хаах, газрын зураг суулгахыг хориглох зэрэг нууцлалын нэмэлт функцуудыг нэвтрүүлсэн.
2019 онд АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам Хятадад үйлдвэрлэсэн дронуудыг “болзошгүй эрсдэл” гэж анхааруулсан ч DJI-г нэрлээгүй. Гэсэн хэдий ч хэдэн сарын дараа Дотоод хэргийн яам кибер аюулгүй байдлын эрсдэлээс шалтгаалан DJI дронуудын флотыг бүрэн зогсоосон.
2020 оны сүүлээр Худалдааны яам DJI-г Хүний эрхийн зөрчил болон хяналттай холбоотой хэрэгт оролцсон гэж үзэн хар жагсаалтад оруулсан.
Үүний дараа АНУ-ын Сангийн яам тус улсын байгууллагуудад DJI-ийн тоног төхөөрөмжийг худалдан авах, хөрөнгө оруулахыг хориглосон юм. Харин 2022 онд Батлан хамгаалах яам DJI-г дахин “Хятадын цэргийн компаниудын” жагсаалтад оруулсан бөгөөд үүнийг компани эсэргүүцэж, 2024 онд шүүхэд хандсан билээ.
Ирээдүйд учирч болох хязгаарлалт
АНУ-ын Үндэсний батлан хамгаалах эрхийн тухай хууль (NDAA)-д зааснаар, 2025 оны эцэс гэхэд бүх холбооны агентлагууд Хятадын брэндийн дронуудын эрсдэлийн шинжилгээг хийх ёстой. Энэ нь DJI зэрэг Хятадын дрон үйлдвэрлэгчдэд илүү хатуу хяналт, хязгаарлалт ирж болзошгүйг харуулж байна.
Эх сурвалж: SlashGear


