Лапорта: Ламин Ямалын өсөлтөд итгэлтэй байна
“Барселона”-гийн ерөнхийлөгч Жоан Лапорта залуу од Ламин Ямалын төлөвшсөн зан, сэтгэлзүйн бат бэх байдлыг онцолж, түүнийг алдар нэрийн дарамтад дарагдахгүй, харин улам урагшилна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Одоогоор Ямал цавины гэмтлийн улмаас талбайгаас түр холдоод байгаа. Энэхүү гэмтэл нь Аваргуудын лигийн Парис Сен-Жерментэй хийсэн тоглолтын үеэр дахин сэдэрсэн бөгөөд тэрээр ойролцоогоор гурван долоо хоногийн хугацаанд тоглолтод оролцох боломжгүй юм.
18 настай энэ залуугийн хувьд энэ хугацаа нь биеэ амраах, сэтгэл санаагаа сэргээх, эргэн ирэлтээ сайтар бэлдэх боломж болж байгаа бөгөөд тэрээр 10-р сарын 26-нд болох Реал Мадридын эсрэг “Эль Класико”-д талбайд эргэн гарахын төлөө шаргуу ажиллаж байна.
Lamine Yamal madness 🤯🥵#UCL pic.twitter.com/JM5lzFBpXM
— UEFA Champions League (@ChampionsLeague) October 3, 2025
Од болохын хэцүү тал
Ямалын нэр хүнд өсөхийн хэрээр хувийн амьдрал нь ч олон нийтийн анхааралд өртөх болжээ. Зуны амралтаараа тэр өөрөөсөө 12 насаар ах OnlyFans модельтой хамт амарсан гэх мэдээлэл гарч, хүсээгүй хэл ам дагуулсан бол төрсөн өдрийн үдэшлэгийн үеэр “одой хүмүүсийг зугаа цэнгэлд ашигласан” гэх дуулиан ч өрнөж байв.
Эдгээр шуугиан дунд ч түүний хандлага, бэлтгэлдээ хандах хариуцлага хэвээр байгаа талаар Лапорта онцолсон юм.
Барселона Ямалыг хамгаалах ёстой
Лапорта Испанийн El Chiringuito нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа:
“Ламин бол насандаа баймгүй ухаалаг, төлөв хүү. Алдар нэрийн дарамт түүнийг сандаргахгүй. Харин ч тэр үүнийг ухаалгаар давах чадвартай,” хэмээн өгүүлжээ.
Тэрээр Ямалын ажлын ёс зүйг онцлон магтаж, цавины өвдөлттэй байсан ч клубын зааврыг чанд мөрдөж, биеэ хурдан тэнхрүүлэхийн төлөө өдөр бүр хичээж байгааг хэлэв.
“Тэр ердөө 18 настай. Алдаа гаргах нь залуу насны нэг хэсэг. Гэхдээ тэр чин сэтгэлээсээ зүтгэж байгаа. Тиймээс бид түүнд тусалж, хамгаалах ёстой,” гэж Барселонагийн тэргүүн нэмж хэлсэн байна.
Эх сурвалж: 101 Great Goals