Жэймс Вэбб анх удаа гараг үүсэх бүсэд UV-ээр флюресценцлэх CO илрүүллээ

Жэймс Вэбб Space Telescope (JWST) HD 131488 одны тойргийн дискнээс UV-ээр “асаагддаг” (флюресценцлэх) нүүрстөрөгчийн дутуу исэл (CO)-ийг анх удаа илрүүлсэн тухайг Gemini Observatory-ийн Цицэро Лү болон хамтран зохиогчид arXiv-д нийтэлжээ. HD 131488 нь Цэнтаврын орд дахь Upper Centaurus Lupus бүлэгт хамаарах, 15 сая жилийн настай, Нарнаас илүү халуун, илүү масстай эрт үеийн A төрлийн од. Энэ систем өмнө нь ALMA зэрэг ажиглалтаар гадна бүсдээ их хэмжээний “хүйтэн” CO ба тоостой нь тогтоогдож байсан.

JWST 2023 оны 2-р сард ойролцоогоор нэг цаг ажиглахдаа 0.5–10 астрономийн нэгж (AU) хооронд “дулаан” CO хий байгааг хэмжсэн ч түүний хэмжээ нь гаднах бүсийн хүйтэн хийн массын 100 мянганы нэг орчим л байв. Гол онцлог нь CO молекулуудын эргэлтийн температур 150–450K орчим байхад чичирхийллийн температур 8800K хүрч, одны UV цацрагийн нөлөөг шууд “дуурайж” байсан явдал. Энэ зөрүү нь хий дулааны тэнцвэрт (local thermal equilibrium) ороогүйг, мөн CO-ийн UV флюресценц үүсэх нөхцөл бүрдсэнийг илтгэнэ.

Мөн нүүрстөрөгчийн C-12/C-13 харьцаа өндөр гарсан нь дулаан хийн сийрэг орчинд тоосон ширхэгүүд гэрлийг хэсэгчлэн хааж байж болзошгүйг заажээ. JWST-ийн хэмжсэн гэрлийн хэв маяг үүсэхийн тулд CO-д мөргөлдөх “түнш” молекулууд хэрэгтэй бөгөөд судалгаанд устөрөгчөөс илүүтэй од руу ойртон задарч буй сүүлт оддын усны уур (эксокомет) илүү тохирох хувилбар гэж үзсэн байна. Энэ нь CO-оор баялаг, ховор тохиолддог ийм төрлийн дискнүүд анхнаасаа үлдэгдэл хий хадгалсан гэхээсээ илүү сүүлт оддын тасралтгүй эвдрэл, ууршилтаар нөхөгдөж байдаг гэсэн тайлбарыг дэмжлээ.

Дулаан CO илэрсэн 0.5–10 AU бүс нь “террестриал” буюу чулуурхаг гараг үүсэх боломжтой зайд тооцогддог тул дүгнэлт нь гараг үүсэлд ч хамаатай. Энд нүүрстөрөгч, хүчилтөрөгч харьцангуй элбэг атлаа устөрөгч бага байгаа нь энэ бүсээс бүрэлдэх гарагууд устөрөгчөөр баялаг анхдагч хийн бүрхүүлтэй бус, харин “металлжилт” өндөр найрлагатай байх магадлалыг нэмэгдүүлнэ. Ийм ажиглалт нь CO-оор баялаг диск хэрхэн үүсэж, хийгээ хэрхэн “хадгалж” чаддаг талаарх маргаанд шинэ, JWST-ээр баталгаажсан нотолгоо нэмж байна.

Дэлгэрэнгүй

СЭТГЭГДЭЛ

Please enter your comment!
Please enter your name here