Google-н хиймэл оюун Канадын алдартай хөгжимчнийг “Бэлгийн гэмт хэрэгтэн” гэж андуурч, тоглолт цуцлагдав

Канадын нэрт хийлч Эшли МакАйзак Гүүглийн AI Overview хиймэл оюун ухаант хайлтын товч хариулт түүнийг бэлгийн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн хүн мэтээр буруу мэдээлсэн гэж мэдэгдлээ. Үүний улмаас Канадын Нова Скотиа дахь Сипекне’катик анхны үндэстний (First Nation) нийгэмлэгт хийх байсан тоглолтыг зохион байгуулагчид өнгөрсөн долоо хоногт цуцалсан байна.

The Globe and Mail сонинд мэдээлснээр, зохион байгуулагчид МакАйзакыг “бэлгийн хүчирхийлэл” болон “интернэтээр уруу таталт” зэрэг гэмт хэрэгт холбоотой гэж ойлгосон нь Гүүглийн AI Overview-д гарсан мэдээлэлтэй холбоотой аж. МакАйзакын хэлснээр, тус систем түүний намтрыг зүүн Канадын өөр нэг “МакАйзак” овогтой, өөр хэрэгт холбогдсон хүний мэдээлэлтэй хольж андуурсан байна.

AI Overview нь Гүүглийн хайлтад зориулан вэбээс цуглуулсан эх сурвалжууд дээр тулгуурлан “чатбот маягийн” товч текст үүсгэдэг функц бөгөөд хэрэглэгчийн асуултыг хэрхэн бичихээс шалтгаалан буруу дүгнэлт гаргах эрсдэлтэй гэж шинжээчид анхааруулдаг. МакМастерын их сургуулийн судлаач Клифтон ван дер Линден хайлтын системүүд “мэдээлэл чиглүүлэгчээс өгүүлэгч” болж хувирч буй нь ташаа мэдээллийн хор уршгийг нэмэгдүүлж болзошгүйг онцолсон байна.

МакАйзак буруу мэдээлэл өмнө нь ч гарч, мэдэгдэхгүйгээр ажил, нэр хүндэд нь сөргөөр нөлөөлсөн байж болзошгүй гэж болгоомжилжээ. Гүүглийн төлөөлөгч Вэнди Мэнтон ийм тохиолдолд системийн алдааг засах, жишээг нь ашиглан чанарыг сайжруулах арга хэмжээ авдаг бөгөөд сонин тус уран бүтээлчтэй холбоотой хайлтын үр дүнд өөрчлөлт оруулсан гэж мэдээлсэн байна.

Сипекне’катик нийгэмлэгийн төлөөлөгч МакАйзакт учирсан нэр хүнд, амьжиргаа, аюулгүй байдлын эрсдэлийг харамсаж буйгаа илэрхийлж, цаашид дахин тоглохыг урьсан гэж МакАйзак хэлсэн ч сонин тухайн нийгэмлэгээс албан тайлбар авч чадаагүй байна.

Дэлгэрэнгүй

СЭТГЭГДЭЛ

Please enter your comment!
Please enter your name here