Meta компани хиймэл оюун ухааны (AI) шинэ суурь загвар болох “Авокадо”-гийн нээлтийг төлөвлөснөөс хойшлуулж, одоогоор 5-р сар хүртэл гаргахгүй болсныг эх сурвалжууд мэдээлэв. Шинэ загвар нь өмнөх Gemini 2.5 загвараас илүү сайн боловч 2025 оны 11-р сард гарсан Gemini 3.0 загвараас дутах гүйцэтгэл үзүүлсэн байна.
Meta нь АНУ-д 2028 он хүртэл хиймэл оюун ухааны дэд бүтцэд 600 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөж, 2026 онд хөрөнгө оруулалтаа 115-135 тэрбум ам.долларт хүргэхээр тооцоолжээ. Тус компани хиймэл оюун ухааны салбарт шилдэг мэргэжилтнүүдийг өндөр цалин, урамшууллаар татан оролцуулж байгаа бөгөөд зарим тохиолдолд 1.5 тэрбум ам.долларын багц төлбөр төлсөн тухай мэдээлэл бий.
2025 оны 6-р сард Meta нь Scale AI компанийн 49 хувийг худалдан авч, тус компанийн үүсгэн байгуулагч Александр Вангийг хиймэл оюун ухааны ахлах албанд ажиллуулж байна. Ванг Meta-ийн AI салбарын TBD лабораторийг удирдаж, Авокадо загварыг хөгжүүлж байсан ч зарим дотоод зөрчилдөөн гарсан тухай мэдээлэл гарчээ. Гэсэн хэдий ч Meta-ийн албан ёсны төлөөлөгчид эдгээр мэдээллийг үгүйсгэж, Марк Зукерберг Александр Вангтай хамтран ажиллаж байгаагаа олон нийтэд харуулсан байна.
Meta компани одоогоор Google-ийн Gemini загваруудыг түр ашиглах талаар хэлэлцэж байгаа бөгөөд шинэ загварыг сайжруулсны дараа жил дотор олон шинэ загвар гаргах төлөвлөгөөтэй байна.

