2025 оны 6-р сард хэвлэгдсэн Британийн Колумбийн их сургууль, Пенсильвани их сургуулийн судалгаагаар анхны семестрт суралцаж буй 300 оюутныг гурван бүлэгт хуваан туршилт хийжээ. Нэг бүлэг нь өдөр бүр танихгүй хүнтэй мессежээр харилцаж, хоёр дахь бүлэг нь Discord сервер дээр “Сэм” нэртэй хиймэл оюун ухаанд суурилсан чатботтой өдөр бүр харилцсан бол гурав дахь бүлэг нь өдөр бүр товч тэмдэглэл хөтөлсөн байна.
Хоёр долоо хоногийн дараа хүнтэй харилцсан оюутнууд ганцаардлын мэдрэмжээ хамгийн ихээр бууруулсан бол чатботтой харилцсан бүлэг болон тэмдэглэл хөтөлсөн бүлгийн ганцаардлын түвшин төстэй гарчээ. Судлаачид хиймэл оюун ухаан илүү их эмпатитай хариу өгсөн ч, оролцогчид чатботтой харилцаж байхдаа хүний харилцаанаас илүү эмпатигүй байсан нь сонирхолтой үр дүн болсон байна.
Энэхүү судалгаагаар ганцаардлыг бууруулахад зөвхөн эмпати хүлээн авах бус, бусдад эмпати үзүүлэх боломж ч чухал болохыг онцолжээ.
Өсвөр насны залуус хиймэл оюун ухааныг зөвлөгөө, дэмжлэг, нөхөрлөлд өргөн ашиглаж байгаа ч, зарим судалгаагаар чатбот ашигласны дараа ганцаардал нэмэгдсэн тохиолдол ч гарчээ. Иймээс хиймэл оюун ухаанд суурилсан чатбот нь хүний бодит харилцааг орлох боломжгүй болохыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр харуулж байна.

