Эдди Холл зуны улиралд том тулаан хийх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдэв.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард “Дэлхийн хамгийн хүчтэн” цолыг хүртсэн Эдди Холл ММА-гийн төрөлд мэргэжлийн анхны тулаанаа хийх бөгөөд, түүний өрсөлдөгч дэлхийн хүчтэн асан Мариуш Пудзяновскитой учраа таарсан байна. “Алуурчин” хочит Холл тулааныг ердөө 30 секундын дотор, Пудзяновскиг хүчтэй цохилтоор ялсан ч тулааны дараа Пудзяновскиос хууль бус цохилт хийсэн хэмээх маргаан үүсч байв.
Тус тулааны дараа Холл Польшийн тамирчинтой хийсэн тулааны талаар ярихдаа, жингийн хувьд маш том зөрүүтэй байсан ч Диллон Дэнис-тэй ММА-гийн тулаан хийх хэлэлцээ хийж байснаа дуулгасан. Тэрбээр зуны улиралд нэр хүндтэй тамирчинтай хийх томоохон тулаан хийхээр ярилцаж байгаагаа илэрхийлсэн.
“Жилийн сүүлээр нэгэн том тулаан төлөвлөгдсөн байгаа, гэхдээ одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Зургадугаар сард нэр хүндтэй тамирчинтай тулалдах найдвартай байгаа бөгөөд жилийн эцсээр дахин нэг тулаан хийнэ. Би Диллон Дэнис-тэй тулалдахыг хүсч байна. Тэр бол ММА-гийн хамгийн үзэн ядагддаг хүн байх. Түүний бардам зан гайхалтай. Тэр өөрийгөө намайг ялж чадна гэж бодож байгаа ч тэр нь боломжгүй зүйл. Дэнис айж зугтаж байгаа нь тодорхой, үгүй бол одоог хүртэл нададтай хийх гэрээнд гарын үсэг зурах байсан” хэмээн Холл ярьжээ.
Дэнис хэд хэдэн тулааны хуваарьтай байгаа ч түүний өмнөх амжилтыг харахад эдгээр тулаанууд хийгдэх эсэх нь тодорхойгүй байна. Тэрбээр гуравдугаар сарын 28-нд RAF 7 тэмцээнд Колби Ковингтонтой, мөн Hype FC арга хэмжээнд Арман Царукянтай барилдах хуваарьтай байгаа юм. Холл болон Дэнис нарын жингийн их зөрүү нь тэдний ММА тулаан болох боломжийг багасгаж байсан билээ.

