АНУ-ын Хууль зүйн яамны мэдээлснээр, Super Micro Computer компанийн гурван ажилтныг АНУ-ын хиймэл оюун ухааны (AI) технологийн экспорт хязгаарлах журмыг зөрчиж, БНХАУ руу хууль бусаар сервер нийлүүлэхээр завдсан хэргээр буруутгажээ. Тус компанийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ын гишүүн, бизнесийн хөгжлийн дэд ерөнхийлөгч И-Шян Лиав (Yih-Shyan Liaw), Тайваньд суурилсан гүйцэтгэгч Тин-Вэй Сун (Ting-Wei Sun) нарыг баривчилсан бол Тайваньд байдаг борлуулалтын менежер Руэй-Цанг Чанг (Ruei-Tsang Chang)-ийг эрэн сурвалжилж байна.
Тэд АНУ-ын экспортын хязгаарлалтыг тойрч гарахын тулд “хуурамч баримт бичиг, байцаагчдыг төөрөгдүүлэх зорилгоор зохион байгуулсан загвар сервер, олон шат дамжсан худалдааны зохион байгуулалт” ашигласан гэж буруутгагдаж байна. АНУ-ын Ерөнхий прокурор Жей Клейтон хэлэхдээ, “Яллах дүгнэлтэд дурдсанаар, яллагдагчид АНУ-ын хиймэл оюун ухааны технологийн серверүүдийг их хэмжээгээр БНХАУ дахь хэрэглэгчдэд хууль бусаар нийлүүлэх зохион байгуулалттай гэмт хэрэгт оролцсон” гэжээ.
Энэ хэрэг нь АНУ, БНХАУ хоёрын хооронд өрнөж буй AI технологийн “зэвсгийн уралдаан”-тай давхцаж байна. АНУ үндэсний аюулгүй байдлын үүднээс, ялангуяа цэргийн зориулалтаар ашиглагдах боломжийг нь харгалзан өндөр хүчин чадалтай AI чипний экспортод хатуу хязгаарлалт тогтоосон. AI чип нийлүүлэгч тэргүүлэгч Nvidia компани хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөө БНХАУ руу худалдахыг хоригложээ.
2024 оны 12-р сард АНУ Nvidia-д бага хүчин чадалтай чип худалдахыг зөвшөөрсөн ч үүний тулд тусгай зөвшөөрөл шаардагдах бөгөөд борлуулалтын орлогын 25%-ийг АНУ-ын Засгийн газар авдаг болсон. Гэсэн хэдий ч, АНУ-аас БНХАУ руу чип хууль бусаар нэвтрүүлэх наймааны талаарх мэдээлэлд Nvidia өмнө нь “бодит бус” хэмээн хандсан байдаг.
Яллах дүгнэлтийн дагуу, АНУ-д үйлдвэрлэсэн чиптэй серверийн захиалгыг эхлээд Зүүн Өмнөд Азийн компанид хүргүүлж, тэнд дахин савлан, тэмдэглэгээгүй хайрцагт хийж БНХАУ руу илгээдэг байжээ. Мөн байцаагчдыг төөрөгдүүлэхийн тулд бусад компаниуд болон агуулахад “загвар сервер”-үүдийг байрлуулсан байна. Тэр ч байтугай үс хатаагч ашиглан серверний хайрцаг болон загвар серверний шошго, серийн дугаарыг сольж байсныг камер бичлэгт буулгасан байна.
2024-2025 онд уг компани нь Лиав, Чанг, Сун нарын удирдлагаар ойролцоогоор 2.5 тэрбум ам.долларын үнэтэй сервер худалдан авч, 2025 оны 4-р сарын сүүлээс 5-р сарын дунд хүртэлх хугацаанд дор хаяж 510 сая ам.долларын үнэтэй серверийн хэсгийг БНХАУ руу илгээжээ. Эдгээр гурван хүнд Экспортын хяналтын шинэчлэлийн тухай хуулийг зөрчих, АНУ-аас бараа хууль бусаар нэвтрүүлэх, АНУ-ыг залилан мэхлэх гэмт хэргүүдээр буруутгаж байгаа бөгөөд энэ нь тус бүр 30 жил хүртэлх хорих ялаар шийтгэгдэх боломжтой юм.
Super Micro компаниас мэдээлснээр, тус компанийн Лиав, Чанг нарыг түр хугацаагаар ажлаас нь түдгэлзүүлж, Сунтай байгуулсан гэрээг цуцалжээ. Компани нь Засгийн газрын мөрдөн байцаалтын ажиллагаанд бүрэн хамтран ажиллаж байгаа бөгөөд өөрсдөө яллагдагчаар нэрлэгдээгүй байна. Nvidia компани ч экспортын хязгаарлалтыг чанд сахилга баттай дагаж мөрдөхийг тэргүүлэх зорилт тавьж байгаагаа мэдэгдсэн байна.

