“Супер Марио Галлакси” кинонд Аня Тейлор-Жой ханхүү Пичийн дүрд дуу оруулахаар болсон ч энэ ажил бодож байснаас нь илүү хүнд байсныг тэрээр саяхан хуваалцсан байна.
“Late Night with Seth Meyers” хөтөлбөрт оролцох үеэрээ Тейлор-Жой “Маш хөгжилтэй байсан ч эхний удаа дуу оруулалтын студид орсон үедээ хичнээн их эрч хүч шаардлагатайг урьдчилж мэдээгүй байсан. Учир нь тасралтгүй хашгирч, орилох хэрэгтэй болдог. Эхний удаа би бүр бөөлжиж орхисон. Маш их ус уусан байсан ч хийхээс өөр аргагүй байлаа” хэмээн ярьжээ.
Тэрээр Пичийн дүрийн баяр хөөр, уй гашуун, гүн ганцаардлыг илтгэх бүхий л дуу авиаг гаргахын тулд жүжиглэх шаардлагатай болсон тухайгаа нэмж хэлсэн байна. Тэрээр “Энэ нь үнэхээр сонирхолтой байсан ч, ‘Бурхан минь, хэн ч үүнийг хэзээ ч үзэхгүй байгаасай’ гэж бодогдож байлаа, учир нь тэд үүнийг бүгдийг нь бичлэг хийдэг юм билээ” гэжээ.
Киноны үргэлжлэлд Крис Прэтт Марио, Чарли Дэй Луижи, Аня Тейлор-Жой ханхүү Пич, Киган-Майкл Ки Тоад, Жек Блэк Баузер зэрэг анхны бүрэлдэхүүнээс ихэнх нь эргэн ирнэ. Харин шинээр Дональд Гловер Ёоши, Бри Ларсон Розалина, Луис Гузман Ворт, Исса Рэй Хани Куин зэрэг жүжигчид нэмэгдэж байна.
Ёоши киноны албан ёсны попкорны саванд гарч, McDonald’s компани “Супер Марио Галлакси” киноны хүндэтгэлд зориулсан Happy Meal-ийг худалдаанд гаргасан нь цуглуулагчдын анхаарлыг татаж магадгүй юм. Киноны эхний амралтын өдрүүдэд Хойд Америкт 160 сая ам.долларын орлого олно хэмээн таамаглаж байна. Анхны анги нь 2023 онд эхний тав хоногтоо 204.6 сая ам.долларын орлого олж байсан бөгөөд дөрөвдүгээр сарын 1-нд гарах уг анги нь энэ тоонд ойртож магадгүй юм.

