Алдарт жүжигчин Чак Норрис өөрийн амьдралын замналыг “Надад юу ч амар байгаагүй, тэр ч бүү хэл төрсөн ч амар байгаагүй” хэмээн тодорхойлжээ. Тэрээр Оклахома мужид төрөхдөө “хөх нярай” байсан бөгөөд архинд донтогч, хол байдаг эцэгтэй байсан тул ээж нь түүнийг болон хоёр дүүг нь ганцаараа өсгөжээ. Хожим нь Калифорниа мужийн Торранс хот руу нүүж, тэндээ ахлах сургуульд суралцсан ч өөрийгөө “туранхай, спортлог бус, эмзэг хүн” хэмээн тодорхойлдог байв. Цагдаа болохыг мөрөөддөг байсан ч сургуулиа төгсөхөд хэтэрхий залуу байсан тул Агаарын цэргийн албанд элссэн байна.
Цэргийн албанд байхдаа Чак Норрис тулааны урлагт шамдан суралцсан нь түүний ирээдүйн замналыг өөрчилжээ. Өдөр бүр хичээллэсний үр дүнд тэрээр өөртөө итгэх итгэлээ олж, сэтгэлзүйн хувьд илүү бөх болсон байна. Нэг жилийн дараа хар бүсээ авч, амьдралдаа анх удаа өөрөө амжилт гаргаж чадсан гэж тэрээр дурссан юм. АНУ-д эргэн ирээд 1960-аад оны сүүл, 1970-аад оны эхээр каратегийн сургуулиуд нээж, олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож байв. Түүний шавь нараас Стив МакКуин, Боб Баркер, Присцилла Пресли зэрэг алдартай хүмүүс байсан бөгөөд 1974 онд тэмцээнээс зодог тайлжээ.
Сургуулиудын санхүүгийн хүнд байдалтай тулгарч байх үед түүний шавь Стив МакКуин жүжигчний карьерыг эхлүүлэхийг зөвлөжээ. Чак Норрис эхэндээ инээдтэй сонссон ч, “Амьдралд хаалга хаагдахад том хаалга нээгдэхгүй гэсэн үг биш. Хэрэв би сургуулиа алдаагүй бол карате заасаар л байх байсан. Гэвч би тэдгээр сургуулиудыг алдсанаар өөр зам хайх шаардлагатай болсон бөгөөд жүжигчний зам нь каратегаас хамаагүй том байсан” хэмээн өгүүлжээ. Тэрээр 30 гаруй настайдаа анхны кинондоо тоглож, хэдэн жил хүлээсний эцэст 1982 онд “Lone Wolf McQuade”, 1984 онд “Missing in Action” кинонуудаар танигдаж, улмаар “Walker, Texas Ranger” цувралаар Америкийн телевизийн хамгийн танигдсан жүжигчдийн нэг болсон юм.

