Өмнөд Солонгосын эрх мэдлийн төлөөх тэмцлийг харуулсан “Climax” хэмээх шинэ драма эхний ангиудаасаа үзэгчдийн анхаарлыг хүчтэй татаж эхэллээ.
Жүжигчин Жу Жи Хун, Ха Жи Вон нарын тоглосон “Climax” драма нь авлига, эрх мэдэл, хувийн өшөө авалт зэрэг нийгмийн хурц сэдвүүдийг хөндсөн байна. Прокурор Банг Тэ Соп эрх мэдлийн сүлжээнд нэвтэрч, оргилд хүрэхийн төлөө тэмцэж буй дүрийг Жу Жи Хун чадварлаг бүтээжээ. Түүний эсрэг зогсох, нууцлаг хуйвалдаан зохион байгуулагч Ча Чу Сан А, өвөрмөц төрхтэй Нана, эрх мэдлийн тулааны дунд орсон О Жон Се болон тоглоомыг араас нь удирдаж буй Ча Жу Ён зэрэг чадварлаг жүжигчдийн бүрэлдэхүүн уг бүтээлийг чимж байна.
Драмын гол онцлог нь маш хурдацтай өрнөх үйл явдал болон тааварлаж боломгүй гэнэтийн эргэлтүүд юм. Улс төр, санхүү, энтертайнмент гээд нийгмийн бүхий л салбарыг хамарсан эрх мэдлийн төлөөх ширүүн тэмцэл нь үзэгчдийг дэлгэцийн өмнө уяж, сүүлийн мөч хүртэл шимтэн үзэхэд хүргэж байна. Түүнчлэн жүжигчдийн тоглолт, дүр бүрийн дотоод мөн чанарыг гаргаж ирсэн байдал нь зохиолыг улам сонирхолтой болгожээ.
Найруулагч Ли Жи Вон бодит байдлыг харуулсан хурц дүрслэл, өвөрмөц өгүүлэмжийг ашиглан үзэгчдийг драмын ертөнцөд бүрэн автуулж чадсан байна. Эрх мэдлийн төлөөх тэмцлээс гадна дүрүүдийн хувийн хүсэл тэмүүлэл, өнгөрсөн үеийн нууцлаг түүхүүд нь зохиолыг илүү гүнзгий утга агуулгатай болгож байгаа юм.
“Climax” драма нь Солонгосын цагаар Мягмар, Лхагва гараг бүрийн 22:00 цагт (Улаанбаатарын цагаар 21:00 цагт) үзэгчдийн хүртээл болдог.

