Өмнөд Солонгосын дэлгэцийн нэрт бүтээлчид болох Пак Хэ Су болон Ли Хи Жүн нар “The Scarecrow” хэмээх шинэ триллер цувралд хамтран тоглохоор болж, үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байна.
Уг бүтээл нь 1988 оноос 2019 оны хооронд, дамнан үргэлжилсэн нууцлаг цуврал аллагын хэргийг илрүүлэхээр тэмцэж буй мөрдөгч болон түүний эртний дайсан болох прокурорын ээдрээтэй харилцаа, хамтын ажиллагааны тухай өгүүлэх юм.
Жүжигчин Пак Хэ Су авьяаслаг мөрдөгч Кан Тэ Жүний дүрийг бүтээх бөгөөд тэрээр мэргэжлийн нэр хүндээ сэргээх зорилгоор өөрийн төрсөн нутаг Гансён хотод гарсан цуврал аллагыг мөрдөхөөр томилогдон ирдэг. Гэвч түүний хэргийг шийдвэрлэх замд бага насандаа өөрийг нь дээрэлхдэг байсан Ча Си Ёнтой хамтарч ажиллах шаардлага тулгарсан нь үйл явдлыг улам сонирхолтой болгож байна.
Харин Ли Хи Жүн элит прокурор Ча Си Ёны дүрд тоглох юм. Тэрээр улс төрд хөл тавьж, эцгийнхээ хүлээн зөвшөөрлийг авахын тулд Гансён хотын аймшигт аллагыг ямар ч үнээр хамаагүй шийдвэрлэхээр улайрч буй нэгэн.
Шинэхэн цацагдсан тизер бичлэг 2019 онд үс нь буурал болсон Кан Тэ Жүний дүрээр эхэлж, улмаар 1988 оны үйл явдал руу шилждэг. Тизер дээр Гансён хотод гарсан цуврал аллагын мөрдөн шалгах явцыг харуулсан бөгөөд хохирогчид бүгд нэгэн ижил аргаар амь насаа алдсан байдаг. Энэхүү аймшигт хэргийн цорын ганц гэрч эмэгтэй “Тэнд үл хөдлөх хүн байсан” хэмээн хэлж буй нь хэргийн зангилааг улам бүрхэг болгож байна.
“The Scarecrow” цуврал ирэх дөрөвдүгээр сарын 20-ны 22:00 цагт (Улаанбаатарын цагаар 21:00 цагт) анхны ангиа үзэгчдийн хүртээл болгоно.

