Шумуулнууд бие биенээ дагаж бус, харин хүний амьсгал болон бараан өнгийн байг хослуулан мэдэрч, “бай”-гаа алдалгүй онодог болохыг тогтоожээ.
Жоржиа Технологийн болон Массачусетсийн Технологийн их сургуулийн (MIT) судлаачид эмэгчин шумуулын нислэгийн зан төлвийг нарийвчлан судалж, тэдний хүнийг олж илрүүлэн дайрах хөдөлгөөнийг урьдчилан таамаглах математик загварыг боловсруулсан байна. Шумуул нь жил бүр хумхаа, шар халууралт, Зика зэрэг аюултай өвчнөөр 700,000 гаруй хүний аминд хүрдэг дэлхийн хамгийн аюултай амьтдын нэг юм.
Судлаачид хэт улаан туяаны 3D камер ашиглан шар халууралт тараагч Aedes aegypti төрлийн шумуулын 20 сая гаруй нислэгийн мэдээллийг задлан шинжилжээ. Туршилтын явцад хүний өмсөж буй хувцасны өнгө болон ялгаруулж буй хийг өөрчлөх замаар шумуулын хариу үйлдлийг бүртгэсэн байна.
Судалгааны гол үр дүн нь шумуулнууд бие биенээ дагаж бөөгнөрдөггүй, харин орчны ижил дохионд тус тусдаа хариу үйлдэл үзүүлдэг болохыг баталжээ. Тэд нүүрстөрөгчийн давхар исэл (CO2) болон бараан өнгийн биетийг хослуулан мэдрэх үедээ хамгийн идэвхтэй дайралт хийдэг байна. Өөрөөр хэлбэл, таны амьсгалаас ялгарах CO2 болон өмссөн бараан хувцас нь тэдний хувьд “цусны эх үүсвэр” гэх хамгийн хүчтэй дохио болдог аж.
Энэхүү нээлтэд тулгуурлан судлаачид интерактив вэб сайт бүтээсэн бөгөөд хэрэглэгчид өөр өөр нөхцөл байдал, өнгө, хийн хэмжээг сонгож шумуулын хариу үйлдлийг ажиглах боломжтой. Энэхүү математик загвар нь цаашид шумуулаар дамжих халдварт өвчнийг хянах, илүү үр дүнтэй устгах стратеги боловсруулахад чухал ач холбогдолтой юм.

